Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мозамбик улсын шүүх төрийн өмчийн компаниудын гадаадаас авсан зээлийг хүчингүй болголоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Мозамбик улсын дээд шүүх тус улсын төрийн өмчит компаниудын гадаадаас авсан зээлд өгсөн засгийн газрын баталгааг хүчингүй болгох шийдвэрийг саяхан гаргажээ.

Өөрөөр хэлбэл нийт нэг тэрбум орчим ам.долларын зээлийн эргэн төлөлтийг Мозамбик улсын засгийн газар хариуцахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

2013, 2014 онуудад тус улсын төрийн өмчит ProIndicus, Mozambique Asset Management компаниуд $622 сая, $535 саяын зээлийг Швейцарийн Credit Swisse, Оросын VTB банкнаас тус тус авч байжээ.

Гэвч эдгээр зээлүүд зориулалтаараа ашиглагдалгүй, мөнгө нь сураггүй алга болсон байна.

2016 онд Мозамбикийн засгийн газар хариуцах эзэнгүй эдгээр зээлүүдийг анх удаа нийтэд ил болгож, “нууц өр” гэсэн нэртэй дуулиан дэгдсэн юм. Үүний дараа Олон Улсын Валютын Сан зэрэг донор байгууллагууд тус улсад үзүүлэх тусламжаа зогсоож байжээ.

Өнгөрсөн онд Мозамбикийн дээд шүүх өөр нэг төрийн өмчит компани болох Ematum-ийн авсан $850 саяын зээлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж байв.

Зээл олгогч Credit Swisse, VTB банкнууд өгсөн зээлийг нь Мозамбикийн засгийн газар хариуцах ёстой гэж үзэж байгаагаа шүүхэд илэрхийлжээ.

Мозамбик нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг боловч эргээс нь холгүй нээгдсэн байгалийн хийн нөөцийн ачаар эдийн засаг нь өсөж байгаа улс юм.

Мозамбикийн Төсвийн Хяналтын Форум иргэний байгууллага төрийн өмчийн компаниудын тавьсан өрийг энгийн ард иргэд төлөх ёсгүй гэсэн үндэслэлээр анх шүүхэд хандаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters