Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Испани улсын хамгийн өндөр настай хүн Covid-19 өвчнөө эдгээж чаджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Испани улсын хамгийн өндөр настан гэгддэг 113 настай эмэгтэй Covid-19 өвчнийг ялж, эдгэрсэн тухай түүний амьдардаг асрамжийн газар Мягмар гарагт мэдээлжээ.

АНУ-д төрсөн Мария Браняс нь сүүлийн 20 жилийн турш Испанийн Санта Мария дел Тура хот дахь асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд дөрөвдүгээр сард энд коронавирусийн халдвар дэгдэх үеэр өвчилсөн юм.

Асрамжийн газрын хэд хэдэн өндөр настан энэ үеэр нас барсан байна.

“Өвчнийг давж гарсан өндөр настны бие сайн байна. Өнгөрсөн долоо хоногт түүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан” гэж асрамжийн газрын төлөөлөгч хэвлэлд мэдээлжээ.

Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн Браняс халдвар авсныхаа дараа хэдэн долоо хоногийн турш тусгаарлагдаж, хамгаалах хувцастай ганцхан ажилтан түүнтэй уулзаж, биеийг нь шалгадаг байсан гэнэ.

Тэрбээр 1907 оны гуравдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Сан Франциско хотод мэндэлжээ. Тухайн үед Испанийн умард бүс нутгийн уугуул, сэтгүүлч мэргэжилтэй аав нь АНУ-д ажиллаж байсан гэнэ.

Мария Браняс дэлхийн нэгдүгээр дайны үед эцэг эхийн хамт Испанид ирж, суурьшсан бөгөөд 1918-1919 онд дэгдсэн “испани ханиад” тахал, 1936-1939 оны Испанийн иргэний дайныг биеэр туулсан хүн ажээ.

  

Эх сурвалж: AFP