Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны төрөх эмнэлэгт зэвсэгт халдлага гарснаас нярай хүүхдүүд амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн өглөө Афганистаны нийслэл Кабул хотын төрөх эмнэлэгт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэнээс шинээр мэндэлсэн хүүхдүүд амь үрэгдэж, шархджээ.

Халдлагын үеэр хоёр нярай, 12 эх, сувилагч алагдаж, бусад 15 хүн шархдсаны дотор мөн шинээр мэндэлсэн хүүхдүүд өртсөн байна.

Өчигдөр бас Афганистаны зүүн нутагт болж байсан оршуулгын үеэр бөмбөг дэлбэрч, 24 хүн нас баржээ.

Дээрх халдлагуудын дараа Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани тус улсад үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлэх тушаал өгсөн байна.

Тэрбээр Талибан, Исламын улс зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг халдлага үйлдсэнд буруутгажээ.

Исламын улс бүлэглэл зүүн Нангархар мужид болсон цагдаагийн даргын оршуулгын ёслолд халдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин төрөх эмнэлгийн халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Талибан хөдөлгөөн төрөх эмнэлэгт гарсан халдлагад хамаагүй гэдгээ мэдэгджээ.

Кабулын төрөх эмнэлэг нь Хил хязгааргүй Эмч нар (MSF) олон улсын байгууллагын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадын эмч, мэргэжилтнүүд ажилладаг юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео төрөх эмнэлэгт гарсан халдлагыг “учир утгагүй, зэрлэг балмад” явдал гэж шүүмжлээд Афганистаны засгийн газар, Талибаны талуудыг хэргийн гэм буруутныг олж тогтоохыг уриалжээ.

Хэдийгээр Афганистанд зэвсэгт халдлага, аллага байнга гардаг ч шинээр мэндэлсэн нярай хүүхдүүд, эхчүүдийн аминд халдсан нь байж болох хамгийн харгис үйлдэл болжээ.

Афганистаны засгийн газар болон Талибан хөдөлгөөнийхөн тус улсад энх тайван тогтоохоор хэлэлцээ хийж буй цаг үетэй дээрх халдлагууд давхцаж байна.

 

Эх сурвалж: BBC