Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй 20 орчим жил хамтран ажиллаж байгаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтжээ.

Тэрбээр Путинтэй сүүлийн сар гаруй хугацаанд биечлэн харилцаагүй гэдгээ ТАСС агентлагт мэдэгдсэн байна. Песковын эхнэр, уран гулгалтын спортоор олимпийн алтан медаль зүүж байсан Татьяна Навка мөн өвдөж, эмнэлэгт хэвтжээ.

Кремлийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сүүлийн 12 өдрийн турш Песков ажил дээрээ харагдаагүй байна.

Коронавирусийн халдвар ОХУ-ын төр засгийн дээд хүрээнд тархаад байгаа. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тус улсын ерөнхий сайд Михайл Мишустиний шинжилгээний хариу эерэг гарсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн юм.

Мөн барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, соёлын сайд Ольга Любимова нар халдвар аваад байна.

Одоо 52 настай Песков нь ОХУ-ын гадаад хэргийн яаманд дипломатчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хүн юм. Англи, турк, араб хэлүүдийг сайн эзэмшсэн тэрбээр 1990-ээд оны үед Турк дэхь элчин сайдын яаманд ажиллаж байгаад 2000 оноос ерөнхийлөгч Путиний багт ажиллаж эхэлжээ.

2012 оноос хойш Песков Кремлийн хэвлэлийн албаны нарийн бичгийн даргын албыг хаших болсон юм.

Мягмар гарагийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын 232,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд АНУ-ын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт болсныг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Russia Today