2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
01:00
S26
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
14°
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Гэрэлт-Од: Дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих ажлыг нэн түрүүн хийх шаардлагатай гэж харж байна

ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг

Монгол Улсын Их Сургуулийн багш, эдийн засагч, доктор, дэд профессор Ө.Гэрэлт-Одтой цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг, эдийн засаг руу чиглэсэн төр засгийн бодлого, мөн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ямар байгаа талаар ярилцсан юм. 

- Та эдийн засагч хүний хувьд тооцоо судалгаа хийгээд сууж байгаа байх гэж бодож байна. Яг энэ цар тахлын үед долоон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газраас зарласан. Энэ арга хэмжээнүүдийг хэр байгаа онож байна гэж та дүгнэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн, ноолуур луу чиглэсэн гэх мэт 7 арга хэмжээ авахаар ярьж байсан. Эдгээр бодлого хэр зохистой вэ?

- Цар тахлын үед эдийн засгийн агшилт, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны сааталтай холбоотойгоор борлуулалт буурч байгаа. Энэ нөхцөл байдлуудыг авч үзээд иргэдийн амьжиргааг хамгаалах, үйлдвэрийн газруудад бий болсон ажлын байрыг хамгаалах, тодорхой нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдэд чиглэсэн, өрхөд чиглэсэн бодлого хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлээд явж байна.

Эдгээр хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр илүү нийгмийн халамж талдаа байна. Өргөн хүрээг хамарсан нийгмийн халамжаас илүүтэй үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн байгаа бүтээгдэхүүний борлуулалтыг нь дэмжих чиглэлд бодлого хөтөлбөрүүдэд илүү анхаарал хандуулах шаардлагатай.

Өнөөдөр ажиллаж байгаа үйлдвэрийн газруудад үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг яаж борлуулах вэ, энэ борлуулалтын эргэцийг яаж түргэсгэх вэ гэсэн асуудлууд жаахан хоцрогдоод байгаа юм. Жишээлбэл, оёдлын үйлдвэрүүд маш богино хугацаанд маск үйлдвэрлээд эхэлсэн. Тэгээд маскаа борлуулах гэхээр худалдаж авах систем нь байхгүй. Эрүүл мэндийн салбар болон хэрэглэгчид нэг удаагийн хэрэглээний маск руу худалдан авалт төвлөрөөд оёмол маск борлуулалтгүй болж байгаа жишээ байна. Энэ үед үндэсний үйлдвэрүүд, жижиг, дунд үйлдвэрүүдэд бэлэн байгаа бүтээгдэхүүнийг худалдан авах нь хямралын үед төрөөс үйлдвэрүүдээ дэмжиж байгаа гол өнцөг юм болов уу гэж нэг талаасаа харж байгаа.

Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрийн газруудад тулгарч байгаа гол бэрхшээл бол тэр газрууд маань өөрсдөө ажлын байр байдаггүй, ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн үйлдвэрлэл явж байна уу, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэдгээс үл хамааран ашиглалтын зардал, түрээсээ төлөх тухай асуудал гардаг. Иймэрхүү нөхцөл байдал өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон байгаа үйлдвэрийн газруудын хэдэн хувьд үүсээд байна вэ гэдгийг судлан шийдвэрлэхэд хамгийн гол нь төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

- Тэгэхээр үйл ажиллагаа нь доголдож байгаа газрын ажилчдад 200,000 төгрөг олгоно гэдэг ч юм уу, аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлнө гэдэг ч юм уу, эдгээр нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд очиж хүрч чадахгүй байна гэж ойлгож болох уу?

- Энэ бол бүтээгээд, бүтээснийгээ борлуулах, орлоготой ажиллах гэхээсээ илүүтэй бид сул зогсож байсан ч орлого олох боломжтой болчих юм гэсэн нөхцөл нь эдийн засгийн эрчим идэвхжилийг сааруулах сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ 500,000 төгрөгөөр борлуулаад үүнээсээ 200,000 төгрөгийн цалин өгье гэхээсээ илүүтэй үйлдвэрлэхгүй байлаа ч гэсэн төр энэ хүнд 200,000 ₮-ийн цалин өгч байна гэдэг чинь энэ хэмжээгээрээ эдийн засаг агшиж байгаа нөхцөл юм.

Гэтэл тэр хүний үйлдвэрлэж байсан 500,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнээр хомсдох ийм л нөхцөл байдал байна гэж харж байна. 

- Эрх баригчид бол эсрэгээр нь ярьж байгаа. Зах зээл рүү бэлэн мөнгө оруулах тусмаа эдийн засаг тэлнэ гэдэг тайлбар өгөөд байдаг.

- Гүйлгээн дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тодорхой эдийн засгийн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор энэ Засгийн газрын үед маш их хэмжээний мөнгийг нийлүүлж байна. Ялангуяа, цар тахалтай холбоотойгоор ийм нөхцөл байдлууд үүсэж байна. Нөгөө талаас, энэ жил сонгуулийн жил. Төр барьж байгаа нам өөрөө үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг ч юм уу, улс төрийн зорилгоор маш их хэмжээний мөнгийг эдийн засаг руу хийж эхэлж байна.

Эдийн засаг бидний хэлдгээр форсемажор буюу тахал, дайн байлдааны нөхцөл байдал зэрэг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хямралд өртөж болно. Мөн өнөөдөр Засгийн газраас эдийн засагт хийх буй энэ их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хямралын шалтгаан болдог.

Мөнгөний нийлүүлэлт эдийн засаг дахь бараа бүтээгдэхүүнтэй тодорхой тэнцвэрт харьцааг үүсгэн эргэлтэд орж байдаг. Гэтэл энэ байгаа мөнгийг нэмэгдүүлээд эхлэхээр эдийн засгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ өсөөгүй бол энэ нь мөнгөний нийлүүлэлтийн илүүдэл болж, бүтээгдэхүүний үнийг өсгөдөг.

Хямралын энэ үед эдийн засгийн эргэлт удаашралаас хамааран мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна. Жишээлбэл, бид өмнө нь тэрбум төгрөгийн бараа борлуулахад мөнгөний эргэлтийн хурд ойролцоогоор 5 байлаа гэж үзье. 200 орчим сая төгрөг гүйлгээнд байх юм бол тэрбум төгрөгийн борлуулалтыг хийгээд байх боломжтой гэсэн үг. Гэтэл борлуулалт маань саарч байгаа нөхцөлд эргэлт удаашран 4 болоход шаардлагатай мөнгөний нийлүүлэлт 250 сая гэсэн нөхцөлөөр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна.

Орлогыг нь дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа үед эдийн засгийн агшилт уналтаар үргэлжилбэл үнийн өсөлт эрчимжин, эдийн засгийг сэргэлт удаашрах нөхцөл үүсэж болох юм. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт богино хугацаанд амь аргацаах хэдий ч урт хугацаандаа төгрөгийн худалдан авах чадварт нөлөөлж, дотоод зах зээлд төдийгүй гадаад зах зээлд ханшийн уналтын шалтгаан болдог гэдгийг бид ямагт санах хэрэгтэй. Бид ард иргэдийнхээ эзэмшиж буй хөрөнгө орлогын үнэ цэнийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангахад бодлогын байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй юм.

- Сүүлийн үед асуудал болоод байгаа ноолуурын салбарын асуудал руу чиглэсэн арга хэмжээний талаар асууя гэж бодож байна. Ноолуурын салбарт АХБанкнаас 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл аваад 10-14 аж ахуйн нэгжид өгөөд ноолуурын зах зээлийн үнийг тогтоочихож байгаа шүү дээ.  Жишээ нь зүүн аймагт 105,000, төвийн аймаг руу 100,000, баруун аймгуудад 85,000 гэх мэт. Гэтэл зөвхөн Дорнод аймгийн 2 суманд л ноолуур авсан гэснээс хойш энэ ажил хэрэгжихгүй байна. Малчдын хувьд хүлээлттэй л байгаад байна. Гэтэл одоо эсрэгээрээ төрийн энэхүү зохицуулалт нь малчдын амьдралыг хохироочихлоо гэж ярьж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Төрийн ийм зохицуулалт нийгмийн тодорхой сегментэд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ялангуяа, халамжийн бодлогыг ахмадууд, хүүхдүүдэд хүртээмжтэй хэмжээгээр үзүүлэх шаардлагатай. Харин төр болж өгвөл бизнесийн салбарт шууд оролцдог хэлбэрээс татгалзах хэрэгтэй. Засгийн газрын хувьд ноолуурын зах зээлийг дэмжье гээд өөрсдөө шууд санхүүжүүлэх боломжгүй, Зээлээр санхүүжүүлчихлээ. Энэ нь урт хугацаандаа манай засгийн газрын өр.

Нөгөө талдаа эдийн засгийн нөхцөл байдал ямар байна, бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг суурь тооцоо МУ-д хэчнээн тооны ямаа байгаа, эдгээр ямаанаас гарч байгаа ноолуурын чанар, хэмжээ ямар вэ гэдэг статистик тоо, мэдээлэл байх ёстой. 300 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийт малчин өрхүүдэд жигд үр ашигтай байх тал дээр Засгийн газар ажиллана уу гэхээс биш үнэ тогтоож ажиллах шаардлагагүй. 100,000 төгрөгөөр ноолуур авч болно гэж үнэ тогтоож болохгүй шүү дээ.

Та бид хоёрын мэдээлэл адилхан байна. Дорнод, Сүхбаатар аймгийн хэдхэн суманд ноолуур авч байгаад түүнээс хойш малчид 100,000 биш бол ноолуураа өгөхгүй гээд хураачихсан. Гэтэл одоо ноолуурын үе өнгөрч байна шүү дээ. Энэ нөхцөл байдалд манай үндэсний үйлдвэрлэгч нар маш богино хугацаанд хариу үйлдэл үзүүлчихсэн. "Говь" компани энэ үнийн бодлоготой зэрэгцүүлээд ажилчдадаа цомхотгоно гээд зарлачихсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Нөхдүүд минь ээ бид ноолуур 100,000 төгрөгөөр авбал энэ нь миний бүтээгдэхүүний өөрийн өртгөөс давчихна аа. Энэ нь эдийн засгийн үр ашиггүй байдалд хүргэх учраас өөрийн бизнесээ хамгаалах зорилгоор ажилчдаа цомхотгоё гээд "Говь" компани зарлачихсан байна гэж ойлгож байгаа. Энэ нь төр өөрөө үнэ тогтоож байгаагийн сөрөг үр дагавар шүү дээ. Хэчнээн хүн ажлаас чөлөөлөгдөж байна, тэдний ар гэр гээд олон хүний асуудал. Энэ бодлогыг засварлаад ноолуурын үнийг зах зээлийн горимд шилжүүлье гэж өмнөх шийдвэрээсээ ухарсан шийдвэр гарсан. Ноолуурын урамшуулал болгон кг тутамд 20,000 төгрөг олгоё гэсэн шийдэл рүү буцаж байна.

- Ноолуурын үнэ тогтооход төр оролцоогүй байсан бол яах вэ? гэсэн асуудал байна.

- Энэ нөхцөлд ноолуурын үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтоод, малчид өндөр хүлээлт үзүүлэхгүйгээр энэ жилийн ноолуурын зах зээлийн үнэ ийм л байгаа юм байна гэсэн хариу үйлдлийг үзүүлэх байсан. Ноолуурын зах зээлийн үнэ өнөөгийн байдлаар 50,000-60,000 төгрөг байна гээд (Төв аймаг дээр 50,000 ч хүрэхгүй байна). Хэрвээ ноолуурын үнэ тогтоогүй бол 300 тэрбум төгрөг нийгмийн зайлшгүй салбаруудын санхүүжилт болох байсан.

Өнөөдөр бид цар тахлын үед эмнэлэг, онцгой байдал гээд ярьж байна. Үүнд бид тэр мөнгийг зарцуулах боломжтой байсан, зөвхөн ноолуурын бэлтгэн нийлүүлэлтэд 300 тэрбум төгрөг зарчихаад дахиад (2019 оны тооллогоор 26261,6 мян. толгой ямаа тоологдсон дунджаар нэг ямаанаас 330 грамм ноолуур гардаг гэвэл) 175 тэрбум төгрөгийг ноолуурын урамшуулалд өгөхөөр шийдвэр гаргаж байна. 

Гэтэл дээрх асуудал дахиад л дараагийн асуудлыг босгоод ирлээ. Энэ нь: 300 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зүүн 2 аймагт нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр борлуулсан иргэд дахиад тушаасан ноолуурын кг тутамд дахиад 20 мянган төгрөг авах уу, төвийн болон баруун аймгийн иргэд ноолуурын үнийн зөрүүнээс иргэд ноолуураа барьцаалаад авсан байгаа зээлийн төлбөрөө хэрхэн төлөх вэ, банк зээлийн гэрээг хойшлуулах болов уу, өр төлбөр үргэлжлэхээр малчин өрхийн орлогоос хэдий хэмжээний төлбөр зээл, зээлийн хүүд шилжих вэ гээд л асуудлуудыг хөврүүллээ. 

Төр бий болсон нөхцөл байдалд амиа аргацаасан нэг удаагийн шийдлээр бус, урт хугацаанд малчин өрх тогтмол орлоготой байх, орлогыг өрхөд үлдээх, орлогыг хамгаалах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг шийдэх нэг гарц нь мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг зээл бус санхүүгийн хэрэгсэл ашиглан борлуулах сүлжээ юм. Үүнийг хөдөө аж ахуйн бирж болон банкнаас бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Дундын зуучлал буурахын хирээр мал аж ахуйгаас орох орлого зээлийн хүүгийн төлбөрт биш малчин өрхийн гишүүн бүрд зарцуулагдах болно. Үүнийг шийдвэрлэхийн тулд судлаач, санхүүч хүний хувьд тодорхой гарц шийдлийг боловсруулахаар ажиллаж байна.

- Одоо тэгэхээр ямар зохицуулалт байх шаардлагатай байна вэ? Бэлэн мөнгө тараагаад байгаа нь алс хэтдээ буруу болчихлоо. Зах зээлийн үнэ тогтоосон нь буруу болчихлоо. Цар тахал цаашаа хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй болчихлоо. Тэгэхээр ямар бодлого авч хэрэгжүүлбэл хэрэгтэй гэж бодож байна вэ?

- Тодорхой салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ-ээс төрд нийлүүлэх боломжтой ямар төрлийн бүтээгдэхүүн байгааг МҮХАҮТ, ХХААХҮЯамнаас судлаад гаргаад явдаг. Хүнсний, оёмол бүтээгдэхүүн гэх мэт бараа, үйлчилгээний тодорхой нэр төрлийг заагаад төрийн байгууллагууд худалдан авах хэлбэр лүү оруулах хэлбэрээр дэмжмээр байна. Дараагийн нэг зүйл бол орон нутгийн ЖДҮ газруудад “Бид мах, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээр орон нутгийн сургууль, цэцэрлэгт нийлүүлэхээр гэрээ хийчихсэн байсан.

Гэтэл хөл хорио тогтоосонтой холбоотой гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болсон байна” гэсэн хүндрэл тулгарч байна. Гэрээ хийсэн газруудын бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот, эмнэлгийн байгууллагуудад нийлүүлэлтээр аваач гэсэн саналтай байна. Хаана хэнд юу байгаа талаар маш богино хугацаанд мэдээлэл авч, гаднаас юм худалдаж авах биш аль болох дотоодоосоо хангаснаар ажлын байрыг хадгалж үлдэх боломжтой.

- ЖДҮ-ийг хамгаалах бодлогын асуудал яригдсан. Үүнд та бас эдийн засагчийн үүднээс орж ажилласан болов уу. Энэхүү бодлогод юу тусгагдсан бэ?

- ЖДҮ-дэд энэ цар тахлын үед (эдийн засгийн хямралтай гэж шууд хэлж болохгүй л дээ, хөл хориотой холбоотойгоор эдийн засаг агшилттай байна) ямар асуудал тулгарч байна вэ? Үүнийг нь шийдвэрлэхийн тулд ямар бодлогын зохицуулалтыг хийх ёстой вэ? гэдгийг шийдвэрлэх комисс ХХААХҮЯ-нд 3 сард байгуулагдсан. Уг комисст ажиллаж өөрийн санал бодлыг хэлж байсан. Миний зүгээс хөдөлмөрийн харилцаанд орсон ороогүй адилхан нийгмийн даатгалын хөнгөлөлтийн бодлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төвшинд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж үлдээч ээ гэсэн саналыг дэвшүүлсэн.

Дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих ажлыг нэн түрүүн хийх шаардлагатай.

Нийт ажилчдын тоо, цалин хөлсний статистикийн дагуу шаардлагатай мөнгөн дүнг тооцоолж энэхүү орлого тасалдвал манай төсөвт ноцтой хүндрэл учрахгүй байх гэх мэт тооцооллыг гаргасан. Ажилчдаа ажлаасаа халахгүй байх зайлшгүй баталгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөөд явах саналыг хэлж оруулж байсан. Одоогийн байдлаар бид хямралын гэхээсээ илүүтэй өөдрөг хүлээлтээр эдийн засгийн идэвхжүүлэх бодлогод богино хугацаанд шилжих хөрвөлтийн төлөвлөгөөг гаргах шаардлагатай байна. Ялангуяа дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих ажлыг нэн түрүүн хийх шаардлагатай гэж харж байна.     

- Та саяхан Төв аймаг руу яваад ирсэн гэсэн гэж ярьсан. Таны ажиглаж харснаар хөдөө орон нутагт эдийн засгийн агшилт хэр явагдаж байна вэ?

- Аймгийнхаа хойд талын сангийн аж ахуйнуудаар явахдаа тариаланчидтай уулзах боломж гарч, тэдэнтэй аж ахуйн асуудлаар санал бодлоо солилцлоо. Сангийн аж ахуйнууд яг одоогоор тариалалтаа хийж байна. Тэдний гол асуудал төрийн дэмжлэг томоохон аж ахуй, үр тарианы тариалан эрхлэгчдэд төвлөрөн хэрэгждэг, Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны дэмжлэг, хөнгөлттэй зээл, тусламж болон өөрсдийн хуримтлуулсан хөрөнгө зэргээр хөрөнгө оруулалт хийж байгаа нь газар тариалангийн салбарынхан тариалангийн ажлаа бололцооны түвшинд эхлүүлээд байна. Өрхийн тариаланчид ихэвчлэн манжин, лууван, байцаа, сонгино, сармис гэх мэт нарийн ногоо тариалдаг.

Тэд нэгдүгээрт, нарийн ногооны үрийн үнэ хил хаасантай холбоотой маш өндөр болсон байна, хоёрдугаарт текник технологийн  дэмжлэг туслалцаа маш бага байна гэж ярьж байлаа. Ярилцлагын явцад хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал ногооны үрийн сорт, гарал үүсвэрийн талаар тун бага мэдээлэлтэй байлаа. Энэ асуудлаас үүдэн Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас Монгол улсад тариалдаг үр, тарианы сорт, банкны талаар лавлахад Монгол улсад үрийн банк байхгүй, импортоор хангадаг, тариалж байгаа үрийн гарал үүсэл, генийн өөрчлөлт, үрийн баталгаа, чанарын асуудалд тавих хяналт сул байдаг юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Түүнд тавих хяналт нь үндэсний аюулгүй байдлын тухай асуудалд хамрах асуудал тул бодлогын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч ажилламаар санагдлаа.

Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн дараагийн асуудал хавар, зунжингаа ажиллаж тавьсан ногоогоо намар борлуулахад хүнд байдаг гэх мэт асуудлуудаар санал солицлоо. Эдгээр ярилцлагыг нэгтгээд дүгнэхэд, Орон нутаг түвшиглэсэн хүнсний ногооны агуулахын систем бий болгох, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн парк байгуулах замаар хөдөлмөрийг хорших, хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж байна гэж харж байлаа. Жижиг тариалан эрхлэгчид Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр түүний дотод нарийн ногооны нийлүүлэлтэд томоохон нийлүүлэгчид байдаг. Тийм учир яг одоогоор тариалан эхлэх гэж байгаа үед тариаланчдаа анхаарч бодлогын хөтөлбөр хийх хэрэгтэй юм болов уу.

 

Г.Цэцэг

x