Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Эхний дөрвөн сард 7.5 мянган хүн Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 867.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10 тэрбум төгрөг буюу 1.2%-аар, зарлага 868.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр буюу 12.5%-аар тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл харуулж байна. 

  • Нийгмийн даатгалын сангийн орлого дээрх байдлаар өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 24.5 (3.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин(ҮОМШӨ)-ий даатгалын сан 2.5 тэрбум төгрөг буюу 4.1%-аар буурчээ. 
  • Нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлтөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 101.6 тэрбум төгрөг буюу 17%-аар, Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2 (19.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 8.0 (42.0%) тэрбум төгрөгөөр буурав. 

COVID-19 халдварын нөлөөг бууруулж, эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх болсон билээ. 

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын сангийн орлого 189.4 тэрбум өмнөх сараас 48 тэрбум төгрөгөөр буюу 20.2%-аар, зарлага 218.5 тэрбум болж 2.4 тэрбум төгрөг буюу 1.1%-аар буурсан болохыг мөн мэдээлэв. 

Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний дөрвөн сард 7.5 мянган хүнд 17 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 527 (7.6%) хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 4.8 (39.0%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт байсан аж. 

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний дөрвөн сард 352.1 мянган хүнд 103 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 2.9 (0.8%) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 10.7 (11.6%) тэрбум төгрөгөөр мөн л нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо нэмэгдэхэд “Нийгмийн халамжийн тэтгэмж” авсан хүний тоо 2.5 (3.1%) мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний дөрвөн сард 54.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 241 (0.4%) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 4.6 (13.2%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хамрагдсан иргэдээс харвал,

  • 67.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
  • 5.9 хувь нь ахмад настан,
  • 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн  байгаа юм. 

Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний дөрвөн сард 82.2 мянган хүн хамрагдсан. Үүнд, 

  • 64 хувь нь асаргааны тэтгэмжид,
  • 36 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Тус тэтгэмжийн хүрээнд эхний дөрвөн сард 27.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.8 (27.1%) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. 

Үүнээс найм хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 89.4 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны эхний 4 сард олгожээ.