Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-өөр өвчлөөд ЭДГЭРСЭН 15 хүний долоогийнх нь хариуг бид тэмдэглэлт өдрөөр сонсжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Улс, орнуудыг хөл хорионд оруулж, даяаршлыг хазаарлаад буй COVID-19 цар тахлаар дэлхий дахинаа нийт 4.3 сая хүн өвчилж, 287 мянган хүн нас бараад байна.

Харин манай улсын хувьд, гуравдугаар сарын 10-нд Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр Монголд шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн.

Үүнээс хойш нийт 42 тохиолдол бүртгэгдээд байгаа нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Өнөөдрийн байдлаар 15 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Та бүхэнд сонирхуулахад, бид эдгэрсэн хүмүүсийн тухай сайн мэдээг ямар нэгэн тэмдэглэлт, баярын өдрөөр сонсжээ.

Тодруулбал:

Эмч нарын баярын өдрөөр хоёр хүн эдгэрлээ

Халдвар аваад эдгэрсэн анхны хоёр хүнийг эмнэлгээс гарах болсон талаар олон улсын эмч нарын баярын өдрөөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр зарлаж байв.

Тухайн үед хүмүүс анхны тохиолдол болох Францын иргэн эдгэрсэн байх гэсэн таамаг дэвшүүлж байсан бөгөөд тухайн хоёр хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү баталсан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр дахин хоёр хүн эдгэрэв

Дараагийн хоёр хүн эдгэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр дуулгалаа.

Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр эдгэрсэн хоёр хүн гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлд хийсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүн гэдгийг тухайн үед ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлж байв.

Тэгэхээр тухайн иргэний нэг нь дунджаар 15-20 хоног ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн гэсэн үг юм.

Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн өдрөөр Францын иргэн эдгэрлээ

Өнгөрсөн хугацаанд сар гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтсэн Франц иргэний бие сайжирсан ч шинжилгээний хариу эерэг гарсаар байсан юм.

Ингээд халдвар авсан нь батлагдсан өдрөөс хойш ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн Анх-Отгоны шинжилгээний хариу 47 хоногийн дараа давтагдсан шинжилгээгээр сөрөг гарсан тухай эерэг мэдээг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөр буюу Франц-Монголын харилцааны 55 жилийн ойн өдрөөр зарласан.

Франц иргэн эмнэлгээс гараад 14 хоног тусгаарлагдах ёстой байсан ч Франкфурт руу хийсэн тусгай үүргийн онгоцоор эх орон руугаа буцсан билээ.

Эх баригчдын баярын өдрөөр Турк иргэн эдгэрлээ

Дараагийн өвчтөн ЭДГЭРСЭН гэх баярт мэдээллийг бид долоохон хоногийн өмнө, Олон улсын эх баригчдын өдрөөр сонссон юм.

Тодруулбал, 33 хоног эмчлүүлсэн, Турк улсын иргэн тавдугаар сарын 5-ны өдөр буюу Олон улсын эх баригчдын өдөр эдгэрсэн гэх мэдээг Франкфрут чиглэлийн нислэгээр ирсэн хүнээс COVID-19 халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдсэн гэх түгшүүрийн хажуугаар хүлээн авсан билээ.

Цагаан цэцэг өвчнийг устгасан дэлхийн өдрийн маргааш дахин нэг иргэн эдгэрэв

Цагаан цэцэг өвчнийг устгасан дэлхийн өдрийн маргааш буюу тавдугаар сарын 9-ний өдөр дахин нэг иргэн эдгэрснийг зарлав.

Тухайн иргэн 48 хоног эмчлүүлсний эцэст эдгэрсэн тухай албаныхан мэдээлж байлаа.

Сувилагч нарын баярын өдөр дахин нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Харин өчигдөр тавдугаар сарын 12-ны өдөр буюу Олон улсын сувилагчдын баярын өдрөөр 15 дахь өвчтөнөө эдгэрүүлж чадсан тухай сонсож, талархан сууна.

Ямартай ч Монгол Улс батлагдсан 42 тохиолдлынхоо 15-ыг бүрэн эмчилж, эмнэлгээс гаргасны 7-г нь ийнхүү баяр, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан иргэддээ сайн мэдээ дуулгажээ.

Коронавирусийг илрүүлэх шинжилгээг таван сорьцод буюу хамар, залгиур, цэр, цус, өтгөн, шээсэнд үзэж, давтан шинжилгээгээр алинд нь ч вирус илрээгүй бол тухайн хүнийг лаборатори талаасаа эдгэрсэн гэж үзэж, эмнэлгээс гаргаж буй.

Мөн эмчилгээтэй холбоотой шинж тэмдгүүд ч бүгд илааршсан байх ёстой.

COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн тухайд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа" хэмээж байв.

Дэлхийн улс орнуудын жишгээс харахад COVID-19 халдварын эмчилгээний хугацаа хөнгөн өвчтөнд дунджаар 14 хоног, хүнд өвчтөн бол 6-7 долоо хоног хүртэл үргэлжилж буй.

Манай улсын эмчлэгдэж буй өвчтөний эмчилгээний хугацаа ч ойролцоо түвшинд байгаа юм.

Гэхдээ гаднын зарим улсад өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илрэх тохиолдол гарсан.

Үүнээс сэргийлэхийн тулд эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан ч тэдгээр 15 хүнийг дахин 14 хоног ажиглалтын байранд тусгаарлаж, ажиглалтын байрнаас гарсных нь дараа дахин 14 хоног гэрт нь тусгаарлан шинжилгээ авч байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байв.

Хамгийн сүүлд тэрбээр Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлуудаас бүрэн эдгэрсэн хэд хэдэн хүн бүх тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, биедээ эсрэг биеттэй, сөрөг шинжилгээний хариутайгаар хэвийн амьдралдаа орсныг дуулгасан юм.