Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвар дэлхийн эдийн засгийг хэрхэн өөрчилж байна вэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

COVID-19 цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш дөрвөн сар орчим хугацаа өнгөрч байна. 

АНУ-ын Конгрессын судалгааны төвөөс тавдугаар сарын 1-нд нийтэлсэн судалгааны тайланд цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл COVID-19-ийн нөлөөгөөр сар бүр дэлхийн эдийн засгийн өсөлт 2 нэгж хувиар буурах, эдийн засгийн уналт хэр гүнзгий байхаас шалтгаалан олон улсын худалдаа глобал түвшинд 13-32 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргажээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засагт энэ халдварт өвчин хэрхэн нөлөөлж, улс орнууд ямар арга хэмжээ авч байгааг Монголбанк тоймлосныг хүргэж байна. 

АНУ

АНУ-ын ажилгүйдлийн түвшин гуравдугаар сард 4.4 хувь байсан бол дөрөвдүгээр сард 16 хувь болж нэмэгджээ.

АНУ-ын эдийн засаг дөрөвдүгээр сард огцом муудаж, тавдугаар сарын эхний 7 хоногт уналт үргэлжилсэн хэвээр байна. Энэ оны II улиралд тус улсын эдийн засаг 30-аас их хувиар буюу Их хямралын үеэс хойш байгаагүйгээр агшина гэсэн шинжээчдийн таамаг өөрчлөгдөөгүй хэвээр. 1930 онд тохиосон Их хямрал 3 жил үргэлжилсэн бөгөөд эдийн засаг бүрэн сэргэхэд 10 гаруй жил зарцуулж байжээ.

АНУ өнгөрсөн сард 2.2 их наяд ам.доллартой тэнцэх хямралын эсрэг багцыг баталсан бөгөөд Холбооны нөөцийн банк (ХНБ) энэ онд дор хаяж 5 их наяд ам.долларыг эдийн засагт нийлүүлэх хүлээлттэй байна.

Евро бүс

Евростатын урьдчилсан тооцоогоор Евро бүсийн эдийн засаг I улиралд өмнөх улирлаас 3.8 хувиар агшжээ. Энэ нь 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үеэс ч илүү гүнзгий уналтад тооцогдож байна. 

Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард Евpопын холбооны удирдагчдад Евро бүсийн эдийн засгийн уналт II улиралд улам гүнзгийрч, ДНБ энэ онд 5-12 хувиар агшихаар байгааг анхааруулжээ. 

Европын комиссын тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн суурь төсөөллөөр Евро бүсийн эдийн засаг 2020 онд 7.7 хувиар агшиж, 2021 онд 6.2 хувиар өсөх төсөөллийг зарласан. Тус бүсийн ажилгүйдлийн түвшин энэ онд 9.5 хувьд хүрч өсөх, инфляц 0.2 хувь болж буурах хүлээлттэй байна. 

Европын төв банк арилжааны банкуудад олгодог урт хугацаатай зээлийн хүүг бууруулсан бөгөөд тодорхой нөхцөлтэйгөөр зарим банканд -1 хувь хүртэл хасах хүүтэй зээл олгохоо мэдэгдэв. Банкуудын эх үүсвэрийг ийн нэмэгдүүлснээр бизнесийн зээлийн урсгалыг тасалдуулалгүй, ажлын байрыг хамгаалахыг зорьж байна.

Европын бизнес болон хэрэглэгчийн итгэлийн индекс дөрөвдүгээр сард түүхэн доод түвшинд хүрлээ. Тухайлбал, Eвропын холбооны эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх нэгдсэн индикатор дөрөвдүгээр сард 28.8 нэгж хувиар буурч, 65.8 болжээ. Тус индикаторт COVID-19 цар тахал хүчтэй дэгдсэн Итали улсын эдийн засгийн үзүүлэлтийг хамруулах боломжгүй байсан тул бодит байдалд үүнээс ч ихээр унасан байх магадлалтай гэж Европын Комисс үзэж байна.

ОХУ

ОХУ-ын татварын орлого дөрөвдүгээр сард 30%-аар буурчээ. “Continuum Economics”-оос ОXУ, Турк, Өмнөд Африк зэрэг улсын эдийн засгийн төсөөлөл, шинжилгээг шинэчлэв. 

ОХУ болон Турк улсад цар тахал эрчтэй тархаад байгаа бөгөөд эдийн засаг нь хэр хурдан сэргэх нь улсуудын 

  1. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хангамж
  2. COVID-19 цар тахлаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдал
  3. Хэрэгжүүлж буй мөнгөний болон төсвийн бодлого зэрэг хүчин зүйлээс хамаарахаар байна.

Улс орнуудын эдийн засгийн өсөлтийг хэмжихдээ хөл хорионоос үүдэлтэй дотоод шокуудыг л тооцжээ. Хэрэв хөл хорионоос үүдэлтэй гадаад шокуудыг нэмбэл ДНБ нэмээд 1.1-1.3 дахин буурахаар байна. 

Тооцооноос харaхад Турк улсын хувьд цар тахлаас өмнөх эдийн засгийн байдал харьцангуй сайн байсан бол дээр дурдсан нэг, хоёр дахь хүчин зүйлс хангалтгүй байгаа тул 2020 онд эдийн засаг нь 2.5 хувиар агшихаар хүлээгдэж байна. 

ОХУ-ын хувьд эдгээр хүчин зүйлс сайн байгаа боловч мөнгөний болон төсвийн бодлогоос шалтгаалж эдийн засаг нь 2020 онд 3.5 хувиар агших төсөөлөлтэй байгааг тус байгууллагаас мэдээлжээ.

Зүүн өмнөд Ази 

Зүүн-Өмнөд Азийн орнуудын аж үйлдвэрлэлийн PMI индекс дөрөвдүгээр сард түүхэн доод түвшинд хүрэв. Үүнд Индонез, Малайз, Вьетнам, Филиппин улсуудын аж үйлдвэрлэлийн PMI индексүүд 4-р сард түүхэн доод түвшинд хүрсэн бол, Өмнөд Солонгос, Тайвань, Японы PMI индексүүд 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Энэтхэгийн үйлчилгээний PMI индекс дөрөвдүгээр сард 43.9 нэгжээр буурч, 5.4-тэй гарсан нь дэлхийн аль ч оронд ажиглагдаагүй доод түвшинд тооцогдож байна

COVID-19 цар тахлын тархалт олон улсад үргэлжилж, Хятадын гадаад эрэлт буурах нөлөөгөөр Ази тивийн аж үйлдвэрлэл II улиралд буурах төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын эдийн засгийн сэргэлт удаашрах хандлагатай боллоо. Тухайлбал, Өмнөд Солонгосын экспорт гуравдугаар сард өсөлтгүй байсан бол дөрөвдүгээр сард жилийн 24.3 хувиар буурсан нь гадаад эрэлт огцом буурсныг илтгэж байна.

БНХАУ

Хятадын эдийн засаг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 91.3 хувийн потенциал түвшинд ажиллаж байна.

Хэдийгээр ажил эрхлэлт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн үеийн түвшинд хүрсэн ч гадаад эрэлт саарсан, дотоод эрэлт төдийлөн нэмэгдэхгүй байгаа тул гадаад
худалдаа эрхэлдэг жижиг ААН-үүд хүндрэлтэй нөхцөл байдалтай хэвээр байна.

БНХАУ-д халдварын шинэ тохиолдлын тоо буурч буй тул олон нийтийн болгоомжлол багасаж, дотоод эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид хүлээж буй. Автомашины худалдаа дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар өмнөх долоо хоногоос нэмэгдсэн нь Засгийн газраас өгч буй дэмжлэг татаас нөлөөлж буйн илрэл хэмээн үзэж байна.

Дөрөвдүгээр сард Хятадын экспорт 3.5 хувиар өсөж, импорт 14.2 хувиар агшжээ

Нэгдүгээр улиралд БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2.73 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурсан бол Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 91 хувиар нэмэгдэж, 14.7 сая тоннд, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 15.3 хувиар өсөж, 1.32 сая тоннд хүрчээ.

Австралийн “South 32” уурхайн үйлдвэрлэл 1-р улиралд 1.17 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсан бол өмнөх улирлаас 17.9 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн улирлын тайланд оны эхний улиралд нүүрсний үйлдвэрлэл COVID-19-тэй холбоотойгоор тасалдаагүй гэж мэдээлэв.

Хятадын төмрийн хүдрийн импорт 1-р улиралд нийт 262.7 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар нэмэгдсэн хэдий ч зөвхөн гуравдугаар сард 85.9 сая тонн байсан нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Цар тахлаас шалтгаалан эрэлт төдийлөн нэмэгдэхээргүй байгаа тул коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ болон Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ бага түвшинд
хадгалагдсан хэвээр байгааг SXCoal өнгөрсөн сарын тайландаа мэдээлэв.

Энэ оны 2-р улиралд дэд бүтцийн төслүүд эхэлснээр, гангийн эрэлт нэмэгдэж, Хятадын гангийн жилийн үйлдвэрлэл өмнөх оны түвшинд хүрэх хүлээлттэй байна. 

Сүүлийн 2 сар дараалан буурч буй коксжих нүүрсний үнийг дэмжих хүрээнд Хятадын зарим боомт нүүрсний импортын хоригоо чангаруулаад байгаа бөгөөд зөвхөн худалдан авагч тал гаалийн хуудас бөглөснөөр тээврийг хүлээн авах боломжтой болсон гэж SXCoal мэдээлэв. 

Мөн БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний үнийг дэмжих зорилгоор үйлдвэрүүдийг үйлдвэрлэлээ сайн дураараа бууруулахыг уриалж байна. Жингтанг боомт дээрх импортын
коксжих нүүрсний нөөц 0.32 сая тонноор буурч, 3.3 сая тоннд хүрснээр нөөц 6 дахь долоо хоногтоо буурав.

COVID-19 өвчлөлийн тодорхой бус байдалтай холбоотойгоор БНХАУ-ын тэргүүн энэ жил нэрлэсэн ДНБ-ий өсөлтийн хувийг зарлахгүй байх өөрчлөлтийг оруулах магадлалтай байна. Энэ талаар Хятадын Ардын Их Хурлаар хэлэлцэх юм.

Хятадын төсвийн бодлого: 

Төсвийн бодлогын хүрээнд тусгай зориулалттай Засгийн газрын бондын арилжаа болон орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авснаар 2020 онд Хятадын Засгийн газар 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийх төлөвтэй байна.

Хятадын Ардын Их Хурлын тов зарлагдаж, 5-р сарын 22-ны өдөр хуралдахаар боллоо. Энэ нь Хятадын Засгийн газар COVID-19 өвчлөлийн тархалтыг бүрэн хяналтдаа оруулах, эдийн засаг оны 2-р хагаст “V” хэлбэртэй сэргэлт бий болох боломжтой гэсэн эерэг дохио болж байна.

Хятадын мөнгөний бодлого:

Хятадын Ардын Банк (ХАБ) энэ онд бодлогын хүүгээ 0.3-0.4 нэгж хувиар бууруулахаар байгаа бөгөөд 2-р сараас хойш бодлогын хүүг 0.3 нэгж хувиар бууруулж нэг жилийн хугацаатай дунд хугацааны зээлийн хүүг (TMLF) 3.15 хувиас бууруулж 2.95 хувьд хүргээд байна.

Цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг дэмжих зэрэг арга хэмжээг авах хүлээлттэй байна.