Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын төв банк 138 жилийнхээ түүхэнд анх удаа эмэгтэй захиралтай боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Япон улсын төв банк 138 жилийнхээ түүхэнд анх удаа захирлын албан тушаалд эмэгтэй хүн томилжээ. Саяхан болж өнгөрсөн албан тушаалын томилгооны үеэр 55 настай Токико Шимизү тус банкны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг зургаан захирлын нэг болсон байна.

Шимизү нь 1987 оноос эхлэн Японы төв банканд ажилласан бөгөөд сүүлд 2016-аас 2018 оны хооронд Европын орнуудыг хариуцсан ерөнхий менежэрээр Лондонд ажиллаж байжээ.

 

Япон улсын төв банк 1882 оны аравдугаар сард байгуулагдаж байсан юм.

Тус банкны ажилчдын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч удирдах албан тушаалуудын 13 хувьд эмэгтэйчүүд ажилладаг гэнэ.

Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлд 1998 оноос эхлэн эмэгтэй хүн ажиллах болсон ч төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний зөвхөн нэг нь эмэгтэй юм байна.

Харин ерөнхийлөгчийн албан тушаалд эмэгтэй хүн огт томилогдож байгаагүй юм. Харьцуулбал АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын Төв Банкны ерөнхийлөгчийн албан тушаалд эмэгтэйчүүд ажиллаж байсан түүхтэй.

Япон улс нь Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргасан хүйсийн тэгш байдлын үнэлгээнд 153 орноос 121-д жагссан бол аж үйлдвэржсэн их долоон гүрний дотор хамгийн сүүлд бичигддэг байна.

 

Эх сурвалж: CNN