Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын батлагдсан тоогоор Орос улс АНУ-ын ард жагсах нь тодорхой боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн батлагдсан халдварын тохиолдол 4,140,324 хүрч, нас барсан хүний тоо 284,385 хүрлээ.

Вирус тархалтын оргил үе нь өнгөрсөн гэгдэж байгаа Өмнөд Солонгос, Хятад, Герман улсуудад халдварын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн нь эрх баригчид, мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн АНУ-д дөрөвдүгээр сарын дундаас эхлэн өнөөдрийг хүртэл өдөрт дунджаар 2,000 хүн нас барж байгаа. Гэсэн хэдий ч тус улсын бараг бүх мужууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.

Өчигдөр АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 80,000-ыг давж, батлагдсан халдварын тохиолдол 1.3 сая болжээ.

1967 оноос хойшх аль ч жилийн улирлын чанартай ханиад томууны үеэр ийм тооны хүн нас барж байгаагүй бол ДОХ-ын халдвар тарсан эхний найман жилд (1981-1988) ч ийм олон хүн нас бараагүй юм.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Миссиссиппи, Миннесота, Небраска мужуудад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, тахлын шинэ давалгаа эхлэх аюултай байна.

Коронавирусийн халдвар хамгийн хурдтай нэмэгдэж байгаа ОХУ-д өчигдөр 11,656 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тоо нь 221,344 болжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс нь Европын тахлын хамгийн том төв болж байсан Итали улсыг гүйцэж, дэлхийд зөвхөн АНУ, Испани, Их Британийн дараа дөрөвдүгээрт жагссан байна.

Нас барсан хүний тоо нь Даваа гарагт 94-өөр нэмэгдэж, нийтдээ 2,009 болжээ. 

ОХУ-д сүүлийн долоо хоног гаруй хугацаанд өдөр бүр 10,000-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ эрчээрээ нэмэгдвэл өнөөдөр тус улс халдварын тоогоор Испани, Их Британийг гүйцэж, АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт жагсах төлөвтэй байна.

ОХУ-д дөрөвдүгээр сарыг бүхэлд нь бүх нийтийн амралтын өдөр болгож, хөл хорио тогтоосноо сүүлд тавдугаар сарын 11 хүртэл сунгасан юм. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс буюу Мягмар гарагаас эхлэн сулруулах шийдвэр гаргажээ.

Даваа гарагийн байдлаар хамгийн олон халдварын батлагдсан тохиолдолтой 10 орны тоон үзүүлэлтүүд:

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  1,344,512   80,087  6%
2 Испани  224,350   26,621  12%
3 Их Британи  224,328   32,140  14%
4 ОХУ  221,344   2,009  1%
5 Итали  219,814   30,739  14%
6 Франц  177,547   26,646  15%
7 Герман  172,295   7,611  4%
8 Бразил  163,510   11,207  7%
9 Турк  139,771   3,841  3%
10 Иран  109,286   6,685  6%

Эх сурвалж: Reuters, ТАСС