Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нурлат: Иргэд хувьцааны дансаа нээлгэх боломж нь цаашид ч хэвээр

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
эх сурвалж: ETT

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ээлжит мэдээллээ өнөөдөр хийсэн билээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачиж, 1,319 тэвшээр 150 мянган тонн нүүрс экспортолсон. Мөн он гарсаар нийтдээ хоёр сая 625 мянган тонн нүүрс олборлож, 1,112 мянган тонн нүүрс экспортлоод буйгаа мэдээллийн эхэнд онцлов. 

Түүнчлэн компанийн үйл ажиллагааны зарим зүйлийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат “Эрдэнэс Тавантолгой” ХК илүү нээлттэй болохыг зорин ажиллаж ирсэн билээ. Сүүлийн хоёр жил компанийн дотоод хяналтын чиглэлээр 30 ажил зохион байгуулсан.

2018 онд худалдан авалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж, хууль дүрэм журам, тогтоомжийг мөрдөн 100 хувийн биелэлттэй ажилласан. Ингэхдээ 15.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.

2019 онд мөн төлөвлөгөөний дагуу бүх худалдан авалтуудыг нээлттэй сонгон шалгаруулж, 94 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, ажиллалаа. Мөн тус онд 15.5 сая тонн нүүрсийг борлуулж, 2.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд борлуулалтын төгрөгийн мөнгөн орлого 34 хувиар өссөн юм. 

Сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр үнийн уналт эхэлсэн хэдий ч манай талаас борлуулалтаа нэмэгдүүлэхээр маркетингийн арга хэрэглэж, ажлуудаа зохион байгуулсан.

Компанийн хувьд жил бүрийн АТГ-аас баталсан хөтөлбөрийн дагуух зөвлөмжийг хэрэгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байлгах журмыг баримтлан ажилладаг. Тиймдээ ч "Эрдэнэс Тавантолгой" ХК засаглалын үнэлгээний шалгалтад өнгөрсөн жил төрийн өмчит бусад компаниудаас хамгийн өндөр оноог авч, тэргүүлсэн билээ. Цаашид ч манай компани хууль тогтоомжид илүү нээлттэй байж, засаглалын хэлбэрээ сайжруулахад анхааран ажиллана гэдгийг хэлмээр байна.

Мөн хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулан батлуулсан. Үүний үр дүнд хөдөлмөр аюулгүй байдлын ноцтой зөрчил гараагүй, өмнөх жилүүдээс олборлолт, үйл ажиллагаа нэмэгдсэн ч хөдөлмөр аюулгүй байдлын үйл ажиллагааг чанд сахиж ажиллаж байна.

Үүгээр зогсохгүй худалдан авалт, тендер шалгаруулалтаа нээлттэй байлгах, шилэн дансны жагсаалт үүсгэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой" ХК хамтарч ажилладаг, харьцдаг компаниудын нэрсийг нээлттэй тавьж эхлэх гэж байна. Одоогийн байдлаар хамтарч ажиллаж буй 50 гаруй компани бий.

Ногдол ашгийн хувьд гэвэл тодорхой арга хэмжээ, судалгааг нэгтгэж дууссаны дараа бэлэн болсон хүмүүс рүү мөнгийг нь шилжүүлэхэд бэлэн. Иргэд хувьцааны дансаа нээлгэх боломж нь цаашид ч хэвээр" гэв.