Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэл бонд гаргаж зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцуудыг худалдаж авахаар боллоо"

ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хотын Захирагч С.Амарсайхан энэ долоо хоногийн ээлжит мэдээллийг цахимаар хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1317463051787734/

Сөүлд давтагдаж буй эрсдлийг Улаанбаатарт гаргахгүй байх үүднээс шөнийн клубуудыг буцаан хязгаарласан

Тэрбээр дэлхийн улс орнуудад COVID-19 халдвар хэрхэн тархаж байгаа талаар хэлэхдээ “БНСУ-д цэнгээний газраас халдвар тархсантай холбоотойгоор Дэгү болон Сөүл хотод 100 гаруй цэнгээний газрын үйл ажиллагааг хугацаагүйгээр хаасан байна.

Вирус тархсан шалтгаан нь диско клубд орсон залуучууд байсан бөгөөд одоогоор вируст өртсөн байж болзошгүй 1,000 гаруй иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Улаанбаатар хотын хувьд шөнийн клуб, караоке зэрэг цэнгээний газруудыг хаасан байж байгаад хэсэг нээсэн ч буцаагаад маргааш нь хаасан.

Өөрөөр хэлбэл,Сөүл хотод давтагдаж буй энэ эрсдлийг Улаанбаатар хотод гаргахгүй байх үүднээс буцаан хязгаарласан” гэв.

"Улаанбаатар хот анх удаа шинээр бонд гаргах гэж байна"

Үргэлжлүүлэн “Улаанбаатар хот анх удаа шинээр үнэт цаас буюу бонд гаргах гэж байна. Олон жил энэ асуудал яригдсан.

Тодруулбал, нийслэлд бид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг НОСК худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлж байна.

Энэ ажил Засгийн газар, УИХ-д танилцуулагдсан бөгөөд холбогдох тогтоол шийдвэрүүд нь гарсан.

Одоогоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам болон бусад байгууллагууд НЗДТГ-тай хамтран Нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл ажлаа хангаж байна.

Урд нь иргэд  орон сууцад орохын тулд эхлээд газраа чөлөөлдөг байсан бол одоо бид эхний ээлжид иргэдээ орон сууцад нь оруулж, дараа нь газрыг нь чөлөөлж авах баримтлах хатуу зарчим баримталж байна.

 Айл нүүгээд ороход бэлэн болчихсон 4,078 орон сууц байгаа

Иргэд ямар нэг санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцад орохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа.

Энэ хүрээнд бид тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж олон мянган айл, өрхүүдийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжинэ.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бид нэг талаар айл, өрхүүдээ орон сууцжуулна.  Нөгөө талдаа барилгын компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нь бүрдэнэ.

Учир нь нийслэлийн хэмжээнд захиалга аваад баригдаад эхэлчихсэн 17,788 орон сууц байна. Үүнээс ашиглалтад орчихсон, айл нүүгээд ороход бэлэн болчихсон 4,078 орон сууц байгаа.

Зах зээл дээр эрэлт нь буй боловч эргэлтэд орж чадахгүй царцсан байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хаа, хаанаа харилцан ашигтай санхүүгийн бүтээгдэхүүнийг гаргаж, дотоодын зах зээлээ дэмжих чухал ач холбогдолтой гэж үзсэн учраас тав, зургаадугаар сард багтаан холбогдох байгууллагуудаас зохих ёсны зөвшөөрлийг авч энэ ажлаа эхлүүлнэ.

Энэ мэтээр гэр хорооллын 220 гаруй мянган айл, өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ.

Үүний хажуугаар нь НОСК-ийн шугамаар хэрэгжиж буй гэр хорооллыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр ч бас бий гэдгийг сануулья" хэмээн онцлов.