Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Үндэсний Гвардын командлагчийн шинжилгээний хариунууд эсрэг гарсан тул дахин оношлуулахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Үндэсний Гвардын командлагч, генерал Жозеф Ленгел коронавирусийн халдварын шинжилгээг Бямба гарагт хоёр удаа өгөхөд эхлээд эерэг, дараа нь сөрөг гарсан тул Даваа гарагт гурав дахь удаагаа оношлуулахаар болсныг албаны эх сурвалж мэдээлжээ.

Үндэсний Гвард нь АНУ-д дэгдсэн цар тахалтай хийх тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа зэвсэгт хүчний салбар юм.

Сүүлийн байдлаар тус гвардын 46,700 гаруй алба хаагч Америк даяар дайчлагдан ажиллаж байгаагаас 967 хүн коронавирусийн халдвар авсан байна.

Саяхан Үндэсний Гвардын тэнгисийн хүчний адмирал Майк Гилдэйн гэр бүлийн хүнээс халдвар илэрсэн тул тусгаарлагдахаар болжээ. Түүнтэй ойр ажилладаг хүмүүсээс шинжилгээ авсны дотор генерал Жозеф Ленгел багтсан юм байна.

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэгт хүчний удирдлагуудыг Цагаан ордонд хүлээн авч уулзахад Ленгел, Гилдэй нар оролцоогүй юм.

Сүүлийн өдрүүдэд Цагаан ордонд коронавирусийн халдвар тарж, хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарч, хэд хэдэн хүн халдвар авсанд сэжиглэгдэж байгаа.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хүрээнд коронавирусийн халдвар тарж эхэлсэн нь АНУ-д цар тахлын нөхцөл байдал ямар байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters