Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: ОХУ-д өчигдөр 88 нас баралт шинээр бүртгэгдэж, нийт эндэгдлийн тоо 1,915 болов

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ, Испани, Их Британи, Итали, ХБНГУ, Бразил, Турк, Иран зэрэг улс дэлхийн хэмжээнд халдварын тоо хамгийн өндөр байгаа 10 улсаар нэрлэгдсээр байна.

АНУ

Америкийн бүсэд АНУ болон Бразил улсад халдвар хамгийн өндөр байгаа юм.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр тус улсад тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1.3 сая хүн халдвар авснаас 78 мянга гаруй хүн өвчний улмаас нас бараад байна.

Мөн 250 мянга орчим хүн эдгэрсэн бол одоогоор нэг сая гаруй хүн халдвар авчээ. 

Бямба гарагт л гэхэд тус улсад 26 мянга гаруй тохиолдол, 1,731 нас баралт шинээр бүртгэгдэв.

Халдвар бүртгэгдсэн тоогоор Нью-Йорк, Нью Жерси, Калифорни зэрэг муж тэргүүлж байна.

Бразил

Харин Бразил улсад өчигдөр 10,000 гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 150 мянга орчим хүн халдвар авч, эндэгдлийн тоо 10,627 болжээ.

Хүн амын дунд шинжилгээ хийх хүчин чадал хомс байгаагаас дээрх бүртгэгдсэн тоо нь бодит байдал дээр хамаагүй өндөр байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна.

ОХУ

Европын бүсэд ОХУ-д тархалт өндөр байгаа бол Итали, Испани, Франц улсад өвчлөл болон эндэгдэл тогтвортойгоор буурч байна.

ОХУ-д өчигдөр 11,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 209 мянга гаруй болжээ.

Мөн тус өдөр 88 нас баралт шинээр бүртгэгдэж, ОХУ-ын эндэгдлийн тоо 1,915-д хүрээд байна.

Иран улс

Иранд сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдол өдөрт дунджаар 1,500 орчим нэмэгдсээр байгаа юм.

Ялангуяа, тус улсын баруун өмнөд мужид халдвар дахин сэргэж, тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдсээр байна.

Үүнтэй холбоотойгоор Даваа гарагаас эхлэн тав хоногийн турш баруун өмнөд мужийн зарим хотод бүх ажил үйлчилгээг хаах шийдвэр гаргажээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

Тус улс хөл хориогоо хоёр сарын турш аажмаар сулруулах талаар Ерөнхий сайд нь танилцуулжээ.

Хөл хориог зургаадугаар сарын 1-н хүртэл мөрдөх хэдий ч өнөөдрөөс эхлэн гэрээсээ ажиллах боломжгүй мэргэжлийн хүмүүс ажилдаа явж эхлэх юм байна.

Мөн Лхагва гарагаас эхлэн иргэд гадаа гарч, нарлах болон дасгал хөдөлгөөн хийх боломжтой болж байгаа аж.

Гэхдээ хамгийн гол нь хүмүүс хоорондын зайгаа сайтар баримтлах ёстой талаар тус улсын Ерөнхий сайд анхааруулжээ.

БНСУ-д

БНСУ-д өчигдөр шинээр 35 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 10,909 болсон байна.

БНХАУ-д

Ням гарагт БНХАУ-д 14 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 12 нь дотоодын халдвар бол хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Дотоодын 12 халдварын 11 нь тус улсын Жилинь аймагт бүртгэгдсэн бол үлдсэн нэг нь Хубэй мужид бүртгэгджээ.

Япон улс

Япон улсад өчигдөр 70 шинэ тохиолдол, есөн нас баралт шинээр бүртгэгдээд байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/261911671628877/?v=261911671628877

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.