Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Өдөр бүр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээллийг АТГ-т шалгуулахаар өгч байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүс ХОМ-тээ өөрийн эзэмшлийн компани, холбогдох орлогыг мэдүүлэлгүй нуусан талаар иргэн Б.Сайнбаяр мэдээлэл хийлээ.

БГД-ийн иргэн Б.Сайнбаяр "Төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж, хувьдаа ашиг олж байгааг би судалж тогтоосноо өнөөдөр АТГ-т мэдэгдэж байна. Энэ хүн бол 2016 оны наймдугаар сарын 2019 оны есдүгээр сар хүртэл ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сэргэлэн. Тэрбээр 2015-2016 онд Хятадын хөрөнгө оруулалттай "Эмпайр Газ Монголиа" компанийн ерөнхий захирал хийж, тэр компаниасаа цалин хөлс авч байсан хэр нь 2015, 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна.

"Эмпайр Газ Монголиа" компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр, Борзон толгой гэдэг газарт 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бол тэр газар хүн харахын эцэсгүй болсон.

Дээрээс нь хилийн бүсэд 87 уурхай ажиллаж байхад энэ талаар мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгөөгүй. Хилийн зурваст иргэн хүн яваад очиход ямар хүн хүндрэл гардаг билээ. Гэтэл тэнд 87 уурхай ажиллаж байгаа нь эмгэнэл болчихоод байна.

Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хөрөнгө орлогоо мэдүүлээгүй энэ хүн Авлигатай тэмцэх тухай хууль, Хилийн цэргийн ёс зүйн журмын тухай хуулийг зөрчсөн гэсэн үг.

Цаашдаа өдөр бүр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээллийг АТГ-т шалгуулахаар өгч байна" гэв.

Иргэн Б.Сайнбаяр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд хуурамч шатахууны талаар мэдээлэл хайж байх явцдаа ХХЕГ-ын дарга асан Ц.Сэргэлэнгийн талаарх дээр дурдсан мэдээлэл, баримтыг олсноо хэлсэн юм.