Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нарантуяа: Өнөөдрийг хүртэл ажилласан, ажиллаж байгаа нийт резидент эмч нартаа 41 сая 309 мянган төгрөгийн цалин олгосон

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийх үеэр резидент эмч нарын бэлэн байдлын талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад 1,819 резидент эмч суралцаж байна. Эдгээр резидентийг шаардлагатай үед дайчлан ажиллуулах үүднээс суралцаж буй чиглэлээр нь эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, мэс засал, яаралтай тусламж хэмээн хуваасан.

Мөн сургалт ирэх байгууллагаар, суралцаж буй харьяалал, суралцаж буй дамжаагаар нь болон бага насны хүүхэдтэй буюу жирэмсэн, дайчлан ажиллах боломжгүй резидент эмч нарын судалгааг гаргасан.

Бид коронавирусийн халдвар орж ирэхээс өмнө коронавирус, шингэн нөхөх эмчилгээ, амьсгалын замын хам шинж зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлаа хангасан юм. Резидент эмч нарыг Улаанбаатар хотын орох гарах постууд дээр ажиллуулахад судалгааны арга зүй сургалтыг мөн зохион байгуулсан.

Түүнчлэн тусгаарлах байранд коронавирусийн халдварын үед хэрхэн ажиллах, сэтгэл зүйн бэлтгэлээ хэрхэн хангах талаар сургалт орсон.

Гуравдугаар сарын 2-ны өдрөөс гадаадаас ирж буй иргэдийг амралтын газар тусгаарлаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл резидент эмч нараа 10 буудал, 9 амралтын газарт ажиллуулаад байгаа билээ. 

Өнөөдрийн байдлаар гурван амралт, долоон буудлын тусгаарлан ажиглах байранд буй 560 иргэнд нэг их эмч, 26 резидент эмч ажиллан тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тусгаарлалтын байранд ажиллаж буй резидент эмч нарт нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, малгай, бээлий, ариутгал хамгааллын уусмал, дархлааг дэмжих бэлдмэлүүдээр хангаж байгаа. Бусад хувийн байгууллагууд маань ч тусалж байгааг хэлье.

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл ажилласан, ажиллаж байгаа нийт резидент эмч нарт 41 сая 309 мянган төгрөгийн цалинг олгосон. Цаашид үүсэх нөхцөл байдлын талаар тооцож бэлтгэл байдлаа тасралтгүй ханган ажиллаж байна" гэв. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/379343839616268/?epa=SEARCH_BOX

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.