Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотын шөнийн клубүүд коронавирусийн халдварын шинэ голомт болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 12 шинэ тохиолдол нэмэгдсэн нь бүгд нэг хүнээс тарсан халдвар байжээ.

Тус улсад сүүлийн таван өдөр дараалан өдөрт 10 хүрэхгүй тооны халдвар илрээд байсан юм. Мэдээллийн технологийн компанийн ажилтан, 29 настай залуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Сөүлийн шөнийн клубүүдэд очихдоо доод тал нь 14 хүнд халдвар тараасныг тогтоожээ.

Эхний 12 тохиолдол нь Пүрэв гарагийн шөнө дундаас өмнө илэрсэн бөгөөд өнөөдөр өглөө бусад тохиолдлууд нэмж илэрсэн байна.

Халдвар авагсад нь бүгд Сөүлийн Итэвон дүүргийн гурван клубт байсан хүмүүс юм. Тэдний дунд гадаадын гурван иргэн, зэвсэгт хүчний нэг алба хаагч байжээ. 

Халдвар гарсан клубүүдэд Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө нийт 1,500 орчим хүн үйлчлүүлсэн тул халдварын тохиолдол нэмэгдэх магадлалтай байна.

Халдвар тараагч нь тухайн үед амны хаалтгүй явж байсан бөгөөд Бямба гарагаас эхлэн биеэс нь халдварын шинж тэмдэг илэрчээ.

Өмнөд Солонгосын засгийн газар Сөүлийн баар, шөнийн клубүүдийн эздэд сайн дураар үйл ажиллагаагаа ядаж нэг сар зогсоох уриалга гаргахаар бэлдэж байгаа гэнэ.

Цар тахлыг амжилттай давсан тус улс ирэх долоо хоногоос сургуулиудаа шат дараалалтай нээж, мэргэжлийн спортын уралдаан тэмцээнүүдийг үзэгчгүйгээр эхлүүлэхээр болоод байгаа юм.

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн дэд сайд Ким Ган Лип өнгөрсөн Баасан гарагт Итэвоны шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүст гэртээ байж, шинж тэмдэг илэрвэл мэдэгдэхийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр зөвлөжээ.

Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 10,822 тохиолдол бүртгэгдэж, 256 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: Associated Press