Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдааны яам байхгүй нь Саарал, Европын холбооны Хар жагсаалтад орох нэг шалтгаан болж байна"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улс орны хамгийн чухал салбар болох худалдааг хариуцсан мэргэжлийн яам, зохицуулсан хуульгүй, бодлогогүй явж байгаа нь Монгол Улсын маш том сул тал болж байгааг энэ салбарт сэтгэлээ зориулж 30-50 жил ажилласан ахмад зүтгэлтнүүд хөндөж байна

Монгол Улс 70 гаруй сая малтай, түүний 3.5 сая нь үхэр хэдий ч жилдээ 25 сая долларыг сүү сүүн бүтээгдэхүүний импортод зарцуулж буй. Малчид Эмээлт дээр 4-5 мянган төгрөгөөр борлуулж байгаа ч улсад татвар төлдөггүй ченжүүдийн гараар дамжаад Улаанбаатар хот руу орохдоо л 2-3 дахин нэмэгдэж, хэрэглэгчдийн гар дээр очиж, харин малын зарим түүхий эд, арьс үс нь нэг ч төгрөгийн үнэ хүрэлгүй хог дээр хаягдаж буй нь худалдааны бодлого алдагдсаны хамгийн наад захын жишээ гэдгийг тэд дурдав. 

Цаашлаад өнөөдөр аль ч төрийн байгууллага хариуцаж, харгалзахгүй байгаа үйлчилгээний гадаад худалдааны салбараар дамжуулан асар их валют алдаж байгааг тэд онцоллоо.

Тухайлбал, аялал жуулчлал, гадаадад эмчлүүлэх, суралцах ба гадаадын мэргэжилтэн авчирч ажиллуулах зэргээр өнгөрсөн жилд л гэхэд 2 тэрбум ам.доллар алдсан нь энэ салбар зохицуулалтгүй, худалдааны яамгүй, бодлогогүй, хууль эрх зүйгүй явж байгаагийн уршиг хэмээн тайлбарлаж байна.

Дотоод худалдааг ХХААХҮЯ, гадаад худалдааг ГХЯ, аялал жуулчлалыг БОАЖЯ, хөрөнгө оруулалтыг хаана хариуцаж байгаа нь тодорхойгүй гэгчлэн худалдааны салбарыг тарааж, яам бүрт 2-3 хүнд хариуцуулсан нэр зүүсэн нь өнөөдөр Монгол Улсад маш их алдагдал дагуулж байгаа тул хэдийн санаачилчихсан хуулийг баталж, хариуцсан тусдаа яам байгуулах санаачилгыг Худалдаа бэлтгэлийн яамны сайд асан Б.Шаравсамбуу, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн тэргүүн дэд сайд асан Д.Пүрэвдорж, Гадаад худалдааны яамны орлогч сайд асан Б.Дэлгэрсүрэн, Худалдаа, үйлдвэрийн дэд сайд, Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ёндон, Үйлчилгээний гавьяат ажилтан Ц.Хэнмэдэх нар гаргаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлжээ. 



Тэд өнөөдөр МҮХАҮТ-д хүрэлцэн ирж, энэ талаараа мэдээлэл өгсөн юм. Ахмад зүтгэлтнүүдийн байр суурийг хүргэе. 

“Худалдааны салбар өнөөдөр дипломтой, дипломгүй мэргэжлийн бус хүмүүсийн орогнох газар болсон”

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Худалдаа, бэлтгэлийн яамны сайд, Гаалийн ерөнхий газрын дарга асан, доктор, гавьяат эдийн засагч Б.Шаравсамбуу:

Аливаа улсын санхүүгийн чадавхыг гадаадын хандивлагч болон түншлэгч байгууллагууд төлбөрийн тэнцэл ямар хэмжээнд байгаа буюу үндэсний валют нь хэр тогтвортой байгаагаар нь дүгнэдэг. 

Гэтэл Монгол Улсад худалдааны салбарын бодлогоос гадна Засгийн газарт төлбөрийн тэнцэл, худалдааны балансыг нэгтгэж боддог байгууллага алга. Үүнийг “Гадаад худалдаа ашигтай гарлаа” хэмээн гадаад, дотоодын уулзалт, хурал дээр ярих сайд нарын үгнээс ойлгож болно. Гэтэл ийм биш. 

ОУВС-аас баталсан, дэлхий нийтээр мөрдвөл зохих төлбөрийн тэнцэл гаргах аргачлал гэж байдаг. Дэлхийн бусад бүх орон үүнийг мөрддөг. Төлбөрийн тэнцэл бол тэр орны санхүүгийн чадавхыг харуулах гол үзүүлэлт. 

  • Барааны гадаад худалдаа
  • Үйлчилгээний гадаад худалдаа
  • Хөрөнгө оруулалт санхүү

Гэсэн гол гурван үзүүлэлтийг нийцүүлж гаргаж байж төлбөрийн тэнцэл ашигтай болов уу, үгүй юу гэдгийг дүгнэнэ.

Төлбөрийн тэнцэл ашигтай байвал үндэсний валютын ханш тогтвортой байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай болчихвол 1,000 байсан төгрөгийн ханшаа 2,800-д хүргэчихээд хаа хүрч зогсохыг нь мэдэхгүй суугаа өнөөгийн нөхцөлд хүргэнэ. Үүнийг Засгийн газарт ярьдаг, бусад яамдаа нөлөөлдөг Худалдааны яам байхгүй учраас өнөөдөр Саарал жагсаалт, бүр Европын холбооны Хар жагсаалтад орчихоод байна

Ийм нөхцөлд гаднаас хөрөнгө оруулалт татах ямар ч бололцоогүй. Хэчнээн хөнгөлөлт үзүүллээ ч гаднаас хөрөнгө оруулсан хүн үндэсний валют ямар байх вэ гэдгийг маш их хардаг. 

Дотоод худалдаа бүгд хувьчлагдсан. Олон сүлжээ дэлгүүр, том том ресторанууд нээгдэж, үйлчилгээ хүнд ойртож байгаа сайн тал бий ч цаана нь олон зүйл зохицуулалтгүй орхигдож байна. 

Худалдаа, үйлчилгээний стандартыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, дахин сургах асуудал бүр мөсөн орхигдсон. Худалдааны салбар өнөөдөр дипломтой, дипломгүй мэргэжлийн бус хүмүүсийн орогнох газар болсон. Үйлчилгээний чанар маш муу. Гадаадын жуулчид бидний сайхан хөгжлийг энэ олон шил толь болсон өндөр байшингуудаас гадна үйлчилгээний чанар ямар байгаагаас хамаарч үнэлдэг. Энэ тал дээр бид маш муу дүн авч байгаа.

Энэ мэтийн асуудлуудаас болж бид санаа сэтгэл зовниж, үүнийг зохицуулсан Засгийн газрын харьяа яамтай болъё гэсэн санаачилга гаргаж байна. Бид хуучин үеэ мөрөөдөж, хатуу үнэ тогтоох гэж ингэж яриад байгаа хэрэг огт биш. Бид зах зээлийн нийгэм, ардчилал, хувийн хэвшлийг дэмждэг хүмүүс. Гагцхүү бусад олон орны жишгээр чөлөөт худалдаа манай нийгэмд хөгжөөсэй гэсэндээ ийн санаачилга гаргаж байгаа юм. 

“Хэдийн бэлэн болсон хуулийн төслийг сонгуулийн дараа мартдаг. Хаа очиж дарагддагийг бүү мэд”

 
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад худалдааны яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн:

Худалдааны хуулийн тухай асуудал одоо яригдаж байгаа юм биш. Бид олон жилийн өмнө төсөл бэлэн болгосон. Сонгуулиар гарч ирсэн нам засаг болгон санал авдаг. Гэвч хэдийн бэлэн болсон хуулийн төслийг сонгуулийн дараа мартдаг. Хаа очиж дарагддагийг бүү мэд. 

  • Өнөөдөр худалдааны хуульгүй орон цөөхөн. Хуучин тогтолцоогоор явж байгаа орнууд хүртэл ийм хуультай. Гэтэл манай ийм байдалтай байна.
  • Хоёрдугаарт, худалдааны асуудлыг энэ олон жил нэг нэг яаманд туршаад, хавсруулж явж ирсэн нь энэ салбарын бодлого ойрын болоод хэтийн төлөвт олигтой тусахгүй, бодлогын арга хэмжээ авах боломж олгохгүй байгаа юм.  
  • Гуравдугаарт, үнийн зохицуулалт алдагдсан. Би 1967-2017 он хүртэл гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт ажилласан хүн. Компаниуд гадаад зах зээлд овоо үнээ бариад тогтворжуулж байтал нэг хоёр хүнтэй нэг компани гарч ирээд үнээ унагадаг нь улсын нэгдсэн бодлогогүй тод жишээ. 

Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж хаа байгааг мэдэхгүй. Гадаад худалдаа нь  ГХЯ-ны газрын түвшинд байгаа ч тэр нь зөвхөн мэдээ, баланс гаргахаас биш үнэ тариф, гадаад зах зээлийг судлаад мэдээллээр хангах талаар дулимаг байна. 

“Монгол Улс дотоод зах зээлээ хамгаалж чадахгүй байна. Энэ талаар ямар ч бодлого алга” хэмээн ДХБ дүгнэсэн

 
Гэрэл зургийг MPA.mn

Худалдаа, үйлдвэрийн дэд сайд, Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ёндон:

Өнөөдөр Хар жагсаалтын асуудал сэтгүүлчдийн анхаарлыг татаж байх шиг байна. Өнөөдөр энэ жагсаалтад орчихож байгаа юм биш, аравдугаар сарын 1-нээс Европын комисс ярилцах юм билээ. Тэр үед ямар үндэслэлээр манай улс энэ жагсаалтад орж байгаа нь илүү тодорхой болох болов уу. Монгол Улс итгэж болох орон мөн эсэхэд томоохон дүн өгч байна

Ерөнхийдөө энэ жагсаалтад орох нь гадаад төлбөр тооцоо саатах, тэнд байгаа хөрөнгө оруулалт муудах, Монгол Улсад итгэх итгэл эвдрэх гээд төвөгтэй нөхцөл үүсгэнэ. 

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед би дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага(ДХБ)-д элсэх асуудлыг хариуцаж, ажлын хэсгийн түвшинд удирдаж явсан. ДХБ-д элссэнээс хойш манай улс гадаад худалдааны бодлогоо хэт задгай хаясан. Харин одоо цэгцлэх цаг болсон. 

ДХБ-ны байгууллага олон гэрээ хэлэлцээр байгуулдаг. Бүгд тус тусдаа баримт бичигтэй. Гэвч өнөөдөр үүнийг судалж байгаа ч хүн алга, энэ талаар мэдээлэл гаргаж байгаа ч газар алга. ГХЯ хоёр талын харилцааны асуудлаа л түлхүү ярьж байна. 

ДХБ манай улсын баримталж буй бодлогын талаар “Монгол Улс дотоод зах зээлээ хамгаалж чадахгүй байна. Энэ талаар ямар ч бодлого алга” хэмээн дүгнэсэн. 

Тарифаараа дотоод зохицуулалтаа хийж, зах зээлээ хамгаалах ёстой ч хэлэлцээрийг бүрэн ашиглахгүй, хялбаршуулаад 5%-ийн татвар л тавьсан. Дотоод худалдаагаа мөн хөгжүүлэх бодлогогүй, цэгцгүй байна. ГХЯ бүгдийг зохицуулах боломжгүй. Тиймээс тусгай яам байгуулж, мэргэжлийн хүмүүс ажиллуулмаар байна. 

Үнийн бодлого замбараагаа алдсан. Бодлогогүйн улмаас зах зээлд импортын барааны үнийг өсгөөд, экспортын барааны үнээ унагаж байна. Тухайлбал, ноолуур өнөөдөр тодорхойгүй байдалд орлоо. Гадаад зах зээл яах нь мэдэгдэхгүй байна. Тэр хооронд гадаад зах зээлийн судалгаагүйгээр үнэ тогтоож байна. 100 мянга гэсэн тоо яаж гарч ирснийг мэдэхгүй. Бүх юм судалгаатай байх ёстой. Гадаад зах зээлийн судалгаа хийдэг яам газар байхгүйгээс ийм байдалд хүрч байна. 

“Худалдаа бол зөвхөн мөнгө цуглуулж бараа авах төдий зүйл биш” 

 
Гэрэл зургийг MPA.mn

Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Н.Бэгз:

Экспортын нэгдсэн бодлогогүйгээс Монгол Улс маш нөөц боломжоо алдаж байна. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүний экспорт дээр нэгдсэн бодлогогүйгээс зарим түүхий эд үнэгүй, хог дээр хаягдаж байна. 

Мөн экспорт дээр гаднын хүмүүсийг оруулж ирж байгаа алдаа байна. Тухайлбал, хятадууд мах хууль бусаар гаргах болсон. Дотоодын тухайд ченжүүд гэж нэрлэдэг, улсад татвар төлдөггүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нөхөд бүтээгдэхүүний үнийг хоёр дахин өсгөж байгаа нь тарифын бодлого алдагдсаны жишээ. Тарифын болон стандартын бодлогогүйгээс бид мал аж ахуйн салбараасаа маш их зүйлийг энэ мэтээр алдаж байна.

Худалдаа бол зөвхөн мөнгө цуглуулж бараа авах төдий зүйл биш. Энэ дунд хүний идэх хоол, өмсөх хувцас, эдэлж хэрэглэх машин гээд бүхий л зүйл багтдаг тул тэр болгоныг судалж, стандартыг хянаж, ядаж л яаж хадгалдаг аргыг мэддэг хүн худалдаа хийх ёстой. Тиймээс энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлдэх шаардлагатай.

“Социализмын үед Монгол Улс 90 орчим мянган нэрийн бараа импортолдог байсан бол өнөөдөр энэ тоо буураагүй хэвээр байна. Ахиц гараагүй”

 
Гэрэл зургийг MPA.mn

Худалдааны ахмад удирдах ажилтан, Үйлчилгээний гавьяат ажилтан Ц.Хэнмэдэх:

Худалдааг төрийн бодлогоос авч хаясан нь Монголын нийгэм, эдийн засаг, ялангуяа энгийн ард иргэдийн амьдралд асар их хүндрэл учруулж байна

Өнөөдөр манай улсын гадаад худалдааг ашигтай гарсан гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, гадаад хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үр дүнд л ийм үзүүлэлт бий болж байгаа юм. Бодлогын сайнаар бий болсон зүйл биш гэсэн үг.

Социализмын үед Монгол Улс 90 орчим мянган нэрийн бараа импортолдог байсан бол өнөөдөр энэ тоо буураагүй хэвээр байна. Ахиц гараагүй. Бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, татвар, стандартыг хэн ч судлахгүй байгаа. Боловсон хүчин буюу худалдааны эдийн засагч байхгүй, бэлтгэх газар ч алга. Энэ мэт маш олон асуудал худалдааны салбарт бий болжээ.