Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тоттехнэмийн од Сон Хюн Мин цэргийн сургалтыг онц дүнтэй дүүргэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Английн Премьер Лигийн Тоттенхэм Хотспур клубын тоглогч Сон Хюн Мин гурван долоо хоногийн цэргийн сургалтыг хамгийн өндөр оноотой төгссөн тухай Өмнөд Солонгосын армийн эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Өнөөдөр тус улсын Чэжү арал дээрх тэнгисийн цэргийн ангид төгсөлтийн баяр болж, нийт 157 оролцогчоос таван хүн хамгийн өндөр оноо авч, шагнуулсны нэг нь Сон Хюн Мин байсан гэнэ.

Тэрээр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн цэргийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүст зориулсан тусгай сургалтад оролцсон юм байна. 2018 оны Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Өмнөд Солонгосын шигшээ баг алтан медаль зүүснээр Сон Хюн Мин заавал хаах цэргийн албанаас чөлөөлөгдөж байжээ.

Буудлага, гардан тулаан, радио холбоо, хими, биологийн зэвсэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх арга техник сургалтын хөтөлбөрт багтсан байна.

Сон Хюн Мин нийт хэдэн оноо авсныг мэдээлээгүй ч буудлагын шалгалтад 10 байнаас 10-ыг оносон болохыг армийн албаны эх сурвалж баталжээ.

Коронавирусийн цар тахлын улмаас өнөөдөр болсон төгсөлтийн баярын арга хэмжээг олон нийтэд хаалттай зохион байгуулсан байна.

Премьер Лигийн тэмцээнүүд цар тахлын улмаас гуравдугаар сарын дундаас эхлэн завсарлаад байгаа. Сон Хюн Мин гуравдугаар сарын сүүлээр эх орондоо ирж, бэртэл гэмтлээ эмчлүүлсний дараа цэргийн сургалтаа дуусгасан нь энэ юм.

Өмнөд Солонгост эрүүл мэндийн шаардлага хангасан эр хүн бүр хоёр жилийн хугацаатай цэргийн албыг заавал хаах үүрэгтэй байдаг. Сон Хюн Миний хувьд армийн үндсэн албанаас чөлөөлөгдсөн ч цэргийн сургалтыг дүүргэж, нийт 544 цагийн нийгмийн ажил хийх үүрэгтэй юм.

Өмнөд Солонгосын хуулиар олимпийн наадмаас ямар нэг медаль хүртсэн болон Азийн наадмаас алтан медаль зүүсэн бүх эрэгтэй тамирчид цэргийн албанаас чөлөөлөгдөх онцгой эрх эдэлдэг ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News