Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйг би өөрийн биеэр нотолчихоод байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаяр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Н.Номтойбаяр “Миний бие УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газарт дуудагдах боллоо. 

Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргасан. Энэ хүсэлтэд 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон гэж дурдсан байсан. Тухайн үед миний хийсэн мэдээлэл хууль зөрчсөн байж болзошгүй гэдэг гомдлыг өмгөөлөгч н.Батхуяг гэдэг хүн гаргасан байдаг. Энэ гомдлын хариуд арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаярыг хууль зөрчөөгүй, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэдэг тогтоолыг гаргасан. 

Үүнээс харахад УЕП Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн байна. Намайг гүтгэн доромжилсон. Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж, шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа бол би нотлох баримт дээр үндэслэж УЕП Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна. 

Намайг буруутгаад байгаа шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018, 2019 онуудад гаргасан. Үүнийг шалгуулахаар дөрөвдүгээр сарын 20-нд АТГ-т хандсан. Уг шийдвэрийн он сар, сайдын нэр л өөр. Бусдаар яг адилхан. Гэтэл тэр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй атал намайг буруутай гэж яллаж байна. Тэр гомдлынхоо хариуг АТГ-аас авах гэсэн ч одоог болтол өгөөгүй байна.

Тэрбээр дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Бие даан нэр дэвших гэж байгаатай холбоотойгоор хуулийн байгууллагаас саад учруулж, шалгаж байна гэдэг агуулгатай зүйлийг та цахим хуудастаа бичсэн байсан?  

-УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 хүний нэрийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ил болгосон. Гэтэл маргааш нь АТГ-аас намайг дуудаад яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц, өөрчлөлт оруулсан гэсэн. Намайг ямар асуудлаар буруутгаж байгаа юм бэ, нотлох баримт бүрдүүлэх, тайлбар бэлдэхэд надад хугацаа хэрэгтэй байна гээд энэ байгууллагаас гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 30-ны өглөө НПГ-т надад яллах дүгнэлт үйлдсэн. 

Хэдийгээр яллагдагчаар татагдсан ч тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримтаа гаргах эрхийг хуулиар олгосон байдаг. Гэвч надад ийм боломж олголгүйгээр маргааш нь яллах дүгнэлт үйлдээд намайг ирж ав гэсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй. 

Ингээд намайг албадан ирүүлэх захирамжийг шүүхээс гаргасан. Өчигдөр Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон байсан ч цагдаа нар ирээд хаалтыг онгойлгосон. Яллах дүгнэлтийг прокурорын газарт танилцуулах ёстой ч Чингэлтэй дүүргийн шүүхийн байрны коридорт яллах дүгнэлттэй танилцуулсан. 

-Хуулийн байгууллагад тодорхой үндэслэл байгаа болоод таныг шалгаж байгаа юм биш үү?

-Тодорхой үндэслэл байгаа юм бол яагаад надад танилцуулахгүй байгаа юм. Танилцаад нотлох баримтаа өгье гэхээр тийм боломж огт олгохгүй шууд маргааш нь яллах дүгнэлт үйлдэж байна. Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйг би өөрийн биеэр нотолчихоод байна. 

-Тантай холбоотой хэдэн хэрэг шалгагдаж байгаа вэ?

-Гурван хэрэг. Сайдаар ажиллах байхтай холбоотой, худал мэдүүлэг өгсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэсэн гэдэг гурван хэрэг үүсгэсэн. 

-Та гишүүн байхдаа хууль хяналтын байгууллага улстөрчдийн нөлөөтэй ажилладаг болсныг анзаарч байгаагүй хэрэг үү?

-Анзаарч байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ байдал арай хэтэрлээ. Камер харахаараа ардчилал, шударга ёс яриад байдаг нусан буунууд чинь бүгд хулгай нар шүү дээ.

Дээр нь хуулийн байгууллагын доод, дунд шатны алба хаагчид даргынхаа өгсөн хууль бус тушаалыг биелүүлж байна. Би хуульд захирагдана гэж хэлж чаддаг байх ёстой. Камерынхаа ард нуугдаад “Дээрээс чиглэл өгөөд байна. Та улс төрийн хүрээндээ учраа олчихооч” гэдэг зүйлийг л хэлдэг. 

-Танд ч гэсэн хуулийн байгууллагад гар хөл байдаг юм биш үү?

-Надад тийм юм байхгүй. Хэрэв би хэргийн нууц задалсан бол намайг бариад хорьчихно биз дээ. 

-Бүрэн эрхийг тань түдгэлзүүлсний дараа улс төрөөс завсарлага авч байна гэж байсан. Энэ удаагийн сонгуульд өнжиж болоогүй юу?

-Зургаан сар завсарлалаа. Хуулийн өмнө тэгш байх зарчим гажуудаж байгаа цагт өөрийгөө жинхэнэ босох ёстой гэж бодож байна. Надаас өөр хүн босож чадахгүй. Надад мэдлэг, туршлага байна. Санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш. УИХ-д найман жил суулаа. Хөшигний цаана ямар балиар улс төр явагддагийг бүгдийг нь мэднэ. 

Хуулийн хамгаалалт надад хэрэггүй гээд би өөрөө энэ оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хуулийн байгууллага царай харж хүнийг яллаж болохгүй. 

-Та Хан-Уул дүүрэгт нэр дэвших үү эсвэл Ц.Нямдорж сайдыг дагах уу?

-Ц.Нямдорж сайд Хан-Уул дүүрэгтээ өрсөлдөнө. Тэр хүн өөр хаашаа зугатаах юм. Хаана өрсөлдөх нь 16-нд тодорхой болно. 

-Та энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй юм биш үү. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж заасан байгаа. 

-Шүүх шударга ажиллах байх гэж горьдсон хэвээр байна. Энэ нь магадгүй миний дахин нэг тэнэглэл байж магадгүй. Энэ хэргийг шүүхэд заавал хуульч байх шаардлагагүй. Бичиг үсэг тайлагдсан ямар ч хүн ойлгоно. Хоёр хууль, гурван журмын заалт л байгаа. 

-Таныг хэн, яагаад яллах гээд байгаа юм бэ?

-Цагдаа, прокурор, АТГ-ынхан хуульд захирагдахгүй байна. Хуулийн байгууллагынхан хуульд захирагдахгүй байгаа нь дээрээс захиалгатайг харуулж байгаа юм. Хэзээ, хэн утасдаад ямар чиглэл өгснийг гэрчлэх мэдээллүүд надад байгаа. Одоо би тэрийг ярихаар ахиад л дуудагдана. Хүн гүтгэсэн гээд хэрэг үүсгэнэ.