Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын 50 хувь нь сэтгэцийн гүн хямралд орсон байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас Баасан гараг бүрт дэлхий дахинд хийгдэж буй судалгаа, шинжилгээний тоймыг танилцуулж байгаа.

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож тоймыг танилцууллаа.

Тэрбээр "Дэлхий дахинаа коронавируст халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар коронавирусийн халдвартай холбоотой нийт 14,188 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгджээ. Үүнээс нь 108 нь вакцин бүтээх туршилт, судалгааны ажил, 1,254 эмнэл зүйн туршилт судалгаа явагдаж байна. ДЭМБ-аас судалгаа хөгжлийн эрдэмтдийн баг байгуулж, судалгаа шинжилгээний асуудлыг зохицуулах, COVID-19-ийн эсрэг хийгдэж буй судалгааны ажлуудыг бүртгэн, нэн шаардлагатай есөн чиглэлийг тодруулсан.

Зарим судалгааны дүнгээс танилцуулбал:

  • Их Британи улсын Үндэсний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээлэнгээс хийсэн эдийн засгийн судалгаагаар тус улсын хагас сая иргэн COVID-19-ийн улмаас нас барах эрсдэлтэй ба сургуулиудыг хаах, хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээг цуцлах зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр энэхүү тоог хоёр дахин бууруулах боломжтой гэсэн тооцоолол хийжээ.
     
  • БНХАУ, Италид коронавирусийн халдвар авсан хүмүүст тусламж үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд хамруулсан байна. Ингэхэд судалгаанд хамрагдагсдын 50 хувь нь сэтгэцийн гүн хямралтай, 45 хувь нь сэтгэл түгших, 34 хувь нь нойргүйдэх эмгэгтэй үр дүн гарсан байна. Эрүүл мэндийн ажилтнууд бага насны хүүхэдтэй байх, гэр бүлийн гишүүн нь коронавирусийн халдвар авч өвдөх, мөн тэдний орлого буурах нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Судлаачид хүүхэд харах үйлчилгээг зохицуулах, хортой нөхцөл болон илүү цагийн нэмэгдэл цалин олгох, ажил амралтын цагийг зохицуулах замаар эрүүл мэндийн салбарын ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих боломжтой гэж зөвлөж байна.

COVID-19-ийн эсрэг судалгааны долоон тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ

Монгол Улсын ЭМ-ийн сайдын тушаалаар COVID-19-ийн эсрэг судалгааны долоон тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Тодруулбал,

  1. SARS, COVID хоёрын нутгийн омгуудын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпидемилогийн онцлогийг тогтоон, онош, тандалт, сэргийлэлтийн манай орны нөхцөлд тохирсон арга хэрэгсэл зохион бүтээх,
  2. Хүн амын янз бүрийн бүлэг, эмзэг бүлгийнхний дотор тархалтыг судалж, онош, тандалт, сэргийлэлтэд ашиглах чиглэлийг тодорхойлох,
  3. Манай оронд тохиолдож буй COVID-19 халдварын эмнэлзүйн илэрлийг судалж, онцлогийг тодорхойлон, эмчлэх оновчтой аргыг тодорхойлох,
  4. Манай оронд тохиолдож буй улирлын коронавирусийн халдварын эпидемилоги, эмнэлзүйн онцлогийг судлан тогтоож сэргийлэх, оновчтой эмчлэх аргыг тогтоох,
  5. Вакцин хэрэглэх нас, хүрээ, дэс дарааллыг тогтоож, тохиолдож болох хүндрэлийг даван туулах аргуудыг тооцоолох,
  6. Манай орны нөхцөлд тохирсон, ДЭМБ-ын шаардлагыг хангасан оношлуур, эм, био бэлдмэл бусад тоног төхөөрөмж, хэрэгслүүр зохион бүтээх, үйлдвэрлэн хангах,
  7. Гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд COVID-19-ийн орчлыг тодорхойлж, эпизоотологи болон эпидемилогийн ач холбогдлыг илрүүлэх, тэмцэх аргуудыг боловсруулах гэсэн тэргүүлэх чиглэлүүдийг баталлаа.

Энэ хүрээнд ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, Анагаах ухааны хүрээлэн, ЗӨСҮТ-ийн эрдэмтдээс бүрдсэн есөн баг гарган ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/167346201329416/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.