Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй Африкийн улсын ерөнхий сайд огцрох шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Лесото улсын ерөнхий сайд залуу эхнэрийн хамт

Африк тивийн өмнөд хэсэгт оршдог Лесото улсын ерөнхий сайд Томас Табане ирэх долдугаар сард албан тушаалаасаа огцрох болсныг өчигдөр зарлажээ.

Тэрээр 2017 онд буудуулж амиа алдсан экс эхнэрийнхээ хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд үүний улмаас огцрох улс төрийн дарамт шахалтад ороод байгаа юм.

Гэхдээ Табане өөрийгөө өндөр насыг насалж, өмнөх шигээ эрч хүчтэй ажиллах боломжгүй болсон тул огцрохоор шийдсэн гэж тайлбарлажээ.

Одоо 80 настай Табанегийн бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой юм.

“Ерөнхий сайдын албан тушаалыг хашихад мэдрэмжээс гадна хурд, хүч шаардлагатай. Гэвч нас өндөр болсон миний бие өмнөх шигээ эрчтэй ажиллах боломжгүй болжээ. Тиймээс Лесото улсын хуулийн дагуу би засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаас сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.

Табанег 2017 онд тангараг өргөхөөс хоёр өдрийн өмнө хуучин эхнэр Липолело нь гэрийнхээ гадаа буудуулж амиа алдсан юм. Тухайн үед тэд тусдаа амьдарч, гэр бүлээ албан ёсоор салгахаар бэлдэж байжээ.

Ерөнхий сайдын одоогийн эхнэр 43 настай Месаяа Табане дээрх аллагын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, буруутай нь тогтоогдоод одоо батлан даалтаар суллагдаад байгаа. Лесотогийн цагдаа ерөнхий сайдаа уг хэрэгт холбоотой гэж үзэж байгаа боловч мөрдөн байцаах ажиллагаа явуулахад түүний халдашгүй эрх саад болж байгаа юм.

Лесото нь 2 сая хүрэхгүй хүн амтай, уулархаг газар нутагтай, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаар 100 хувь тойрон хүрээлэгдсэн, далайд гарцгүй жижиг улс юм. 

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь $1,222 хүрдэг Лесото дундаас доош орлоготой улсад тооцогддог.

 

Эх сурвалж: CNN