Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” компани 2019 онд 1.17 тэрбум ам.долларын орлого олжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компани 2019 оны жилийн нэгдсэн тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Тус компанийн хувьд 2019 он сорилт ихтэй ч ололт амжилтаар дүүрэн, түүхэн жил болсон хэмээн дүгнэжээ. Тухайлбал, 

  • Ил уурхайн үйл ажиллагаагаа тогтвортой, үр ашигтай үргэлжлүүлж
  • Аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр тэргүүлэн
  • Таван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэсэн байна.  

2010 оноос хойш улсын хэмжээнд нийт 10 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Түүнчлэн 2009 оны 10 дугаар сард үзэглэсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний 10 жилийн ой тохиожээ. 

“Монголд Үйлдвэрлэв” стратегийн хүрээнд 2019 онд үндэсний нийт 564 компанитай хамтран ажиллаж, 431 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна. 

2019 оны товч тойм 

  • Аюулгүй ажиллагаа Өнгөрөгч онд компанийн хэмжээнд 200,000 хүн/цагт ногдох Бүх гэмтэл бэртлийн давтамжийг (БГБД) 0.16-д барьж чадсан нь 2018 оны дээд амжилтыг давтсан үзүүлэлт болов. Тэр дундаа үйл ажиллагааны хэсэг 2019 оныг 200,000 хүн/цагт ногдох БГБД 0.09-ийн үзүүлттэй үдсэн нь компани төдийгүй 36 улсад 60 үйл ажиллагааны нэгжтэй Рио Тинто группийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 
“Оюу толгой” компани 2019 онд 1,166 сая ам.долларын орлого олсон нь 2018 оны 1,180 сая ам.долларын борлуулалтын орлоготой харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт болов.

2019 онд дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хийсэн худалдан авалтын дүн тасралтгүй нэмэгдэж, үйл ажиллагааны нийт худалдан авалтын 87 хувьд хүрсэн байна. 

  • Гүний уурхайн бүтээн байгуулалтыг улам урагшлуулж, дээд амжилтуудыг шинэчлэн тогтоон, дэд бүтцийн чухал байгууламжуудын барилгын ажлыг дуусгасан. “Үйлдвэрлэлийн ам”-ын барилгын ажил дууссанаар гүний уурхайн үйлдвэрлэлийг явуулах ажилчид, тоног төхөөрөмж тээвэрлэх үндсэн ам бэлэн болов. 1,300 метр өндөр тус байгууламж нь Улаанбаатар хотын Шангрила зочид буудлын барилгыг 15 давхарласантай тэнцүү (өөрөөр15 давхарласантай тэнцүүж нь Улаанбаатар хотындавхарласантай тэнцэнэ) ба дэлхийн хамгийн том үрэлтийн хүчний өргүүртэй юм. Мөн бас нэгэн чухал байгууламжийг ашиглалтад оруулсан нь гүний уурхайн удирдлагын цөм, гол гарц болох уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв юм. 

Компани хөндлөн нэвтрэлтийн хөдөлмөрийн бүтээмжээр сар бүрийн зорилтоо тогтмол давуулан биелүүлж, тухайлбал 2019 оны сүүлийн хагаст 40 хувиар ахиулсан байна. Төслийн хугацааны нийт хөндлөн нэвтрэлтийн хэмжээ 32,925 экв.м-т хүрсэн бөгөөд 2019 онд 14,606 экв.м-ийн гүйцэтгэлтэй байна. 

Гүний уурхайн шинэчилсэн зураг төсөл 2020 оны эхний хагаст бэлэн болох ба нарийвчилсан үнэлгээг 2020 оны хоёрдугаар хагаст танилцуулахаар төлөвлөж байна

Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн ДНБ гурав дахин, үйлдвэрлэл 36 дахин тус тус өссөнийг Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа харуулжээ.
  • “Оюу толгой” компанийн санхүүжилтээр орон нутагтай хамтран “Говийн Оюу” Хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн хэмжээнд баталгаат лаборатори бүхий анхны мах боловсруулах үйлдвэр, Мандал-Овоо суманд 10 ортой шинэ эмнэлэг, Манлай суманд 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг, Баян-Овоо суманд шинэ уурын зуух зэргийг барьж хүлээлгэн өгсөн байна. 
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-тай хамтран “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг орон даяар амжилттай зохион байгуулав. ЦЕГ-аас мэдээлснээр эдгээр аяныг хэрэгжүүлсний үр дүнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол улсын хэмжээнд 63.9 хувь, Улаанбаатар хотод 16.3 хувиар тус тус буурчээ. 

“Оюу толгой” компани алсын харааныхаа дагуу хүний хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. 2019 онд геотехник болон гүний уурхайн инженер бэлтгэх сургалтыг хөгжүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Жи Си Ар Монголиа” болон “Сүбүтэй Майнинг Сервис” компанитай хамтран мэргэжлийн коллежийн 350 төгсөгчийг Австралийн сургалтын стандартын 1 дүгээр зэрэг хангах техник ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан, ажиллаж байна. Компаниас мэргэжлийн боловсрол, сургалтад нийт 67.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. “Оюу толгой” компаниас зохион байгуулж буй боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 2,600 гаруй оюутан, сурагч хамрагдаад байна. 

2019 онд “Оюу толгой” компани байгаль орчныг хамгаалахад тууштай анхаарч, нэг тонн хүдэр боловсруулахдаа 0.4 шоо метр ус зарцуулж, мөн ашигласан усныхаа 87 хувийг дахин ашиглажээ. Эдгээр нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлтүүд юм. 

“Оюу толгой” компанийн “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр хүрээгээ тэлж, 2019 онд орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн болон дотоодод үйлдвэрлэсэн ган төмөрлөг болон төрөл бүрийн цахилгаан бүтээгдэхүүнүүд шинээр нэмэгдсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд жилдээ 9 сая ам.долларын өртөг бүхий 10 шинэ “Монгол үйлдвэрлэв” гэрээ байгуулснаар 200 гаруй ажлын байрыг бий болгож, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг улам бэхжүүлжээ.