Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мадонна коронавирусийн халдвар аваад эдгэрснээ сая мэджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Америкийн поп од Мадонна коронавирусийн шинжилгээ өгөхөд биеэс нь эсрэг биет илэрсэн тухай сошиал хуудсандаа мэдээлж байв.

Үүний дараа түүнтэй холбоотой янз бүрийн мэдээ томоохон хэвлэлүүдээр тарсан юм.

Тэгвэл Мадонна өчигдөр Инстаграм хуудсандаа хэрхэн халдвар авсан тухайгаа тайлбарлажээ.

“Миний бие одоо эрүүл. Эсрэг биет илэрсэн нь коронавирусийн халдвар авч байсны шинж тэмдэг юм. Би сар хагас орчмын өмнө аялан тоглолтоо Парист дуусгах үеэр халдвар авсан нь тодорхой байна. Тухайн үед надаас гадна манай багийн хэд хэдэн уран бүтээлч өвдсөн юм. Бид бүгд их хүнд ханиад хүрлээ гэж тухайн үед бодож байв. Бурхны авралаар өнөөдөр бид бүгд эрүүл саруул байна” гэж Мадонна бичсэн байна.

Түүний дэлхийг тойрсон аялан тоглолт Францын засгийн газар хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнөхөн Парист өндөрлөсөн юм.

Саяхан поп од коронавирусийн эсрэг вакцин бүтээх үйлсэд $1 саяыг хандивлажээ.

Үүнээс гадна Мадонна нь урлаг соёлын алдартнууд, Нобелийн шагналтнуудтай хамт цар тахлын дараа амьдрах арга замаа эрс өөрчлөх уриалга гаргасан юм.

200 орчим алдартны гарын үсэгтэй энэ хөдөлгөөнд Холливүүдийн од Роберт Де Ниро, Жэйн Фонда, Моника Беллучи нар нэгдээд байгаа бөгөөд тахлын аюул өнгөрсний дараа өмнөх шигээ амьдралд буцаж шилжих биш, харин дэлхий ертөнцөд ээлтэй шинэ хэв маягаар амьдарч эхлэхийг хүмүүст уриалж байгаа юм.

Хэдийгээр цар тахал нь хүн төрөлхтний хувьд томоохон гамшиг болсон ч үүнийг ухаарах, алдаагаа засах боломж гэж үзээд дэмий хэрэглээгээ багасгасан, байгальд ээлтэй шинэ амьдралын хэв маягт шилжихийг алдартнууд уриалж байна.

 

Эх сурвалж: AFP