Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна: Шүүгчийн сонгон ШАЛГАРУУЛАЛТ, ТОМИЛГОО

ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN

Нээлттэй Нийгэм Форум (www.forum.mn) “Оюуны Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Эхний хэлэлцүүлгийг "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаарх зохицуулалт" сэдвээр зохион байгуулсан бол энэ удаад “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр зохион байгууллаа.

 
 
 
 

Энэхүү хэлэлцүүлэгт “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвийн хүрээнд “Оюуны Инноваци" ТББ-ын судлаач П.Баттулга, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар, МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар оролцож шинээр өргөн барьж буй хуулийн төслийн хүрээнд ямар өөрчлөлт орж байгаа талаар санал солилцсон юм.

Шүүхийн хараат бус байдлыг хангах асуудал нь шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоотой шууд холбоотойг судлаачид хэлж байна. Шүүгчийн сонгон шалгаруулалтын  үйл явцыг 1993-2012 он хүртэл хэсэгчлэн авч үзэж болох бөгөөд 2012 онд шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад тодорхой хэмжээний өөрчлөлтүүд  орсон байна. 1993-2012 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад голлох үүрэгтэй оролцож байсан байгууллага нь Шүүгчийн мэргэшлийн хороо байжээ. Тус хороо нь дангаар шалгалт авч, тэнцүүлсэн нэр дэвшигчдээс Шүүхийн Ерөнхий зөвлөл нэр дэвшигчээ тодруулан Ерөнхийлөгчид санал болгодог байсан бол 2012 онд Шүүхийн  мэргэшлийн хорооны үнэлгээнээс гадна Монголын хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчдийн ур чадварын талаар дүгнэлт гаргадаг болсон нь дэвшил болсон. Гэсэн хэдий ч сонгон шалгаруулалтын процессыг ил тод болгох, журмыг тодорхой болгох, хамаарах институтүүдийн оролцоог, чиг үүргийн давхардлыг арилгах шаардлага байсаар байна. МУ-ын Ерөнхийлөгчийн шүүхийн томилгоотой холбоотой эрх хэмжээг ҮХНӨ-ийн үзэл баримтлалд нийцүүлэн саармагжуулсан нь ХЗДХЯ-ны төслийн гол дэвшлийн нэг болжээ. 

 
 
 
 
 
 
 

Шүүх эрх мэдлийн хүрээний эрх зүйн шинэтгэлд олон нийт, хөндлөнгийн судлаачдын оролцоог хангах зорилгоор зохион байгуулж буй Шүүхийн тухай хуулийн төслийн талаар цуврал хэлэлцүүлгийн 3 дахь дугаар өнөөдөр 15.00 цагаас ikon.mn болон ННФ-ын https://www.facebook.com/OpenSocietyForum/ фэйсбүүк дэх хуудсаар шууд хүрэх бөгөөд “Шүүгчид хариуцлага тооцох механизм” сэвдийн хүрээнд  болно.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор А.Бямбажаргал, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Цолмон нар оролцож, Шүүхийн Сахилгын хорооны талаар санал солилцох юм. Сонирхсон иргэд асуулт илгээж, санал шүүмж ирүүлэх бүрэн боломжтой. ННФ-ын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг доорх сувгаар авах боломжтой.

http://www.forum.mn 

https://www.facebook.com/OpenSocietyForum/

https://twitter.com/ForumOS