Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн босс компанийн удирдлагыг өөрийн үр хүүхдүүдэд залгамжлуулахгүй гэсэн амлалт өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн бүлэглэл Самсунг Группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён өчигдөр ховор тохиолдох хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтээс уучлал гуйжээ.

Тэрээр Самсунгийн ерөнхийлөгч Ли Кун Хэгийн ууган хүү, гол өв залгамжлагч юм. 

Эцэг нь зүрхний өвчний улмаас 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа бөгөөд залуу Ли тэр цагаас хойш үндсэндээ группээ удирдаж байгаа.

Ли Жэ Ён компанийн удирдлагын эрх мэдлийг гартаа лав оруулахын тулд Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гюн Хэд авлига өгч, шийдвэр гаргахад нөлөөлүүлсэн хэргээр 2017 онд шүүгдэж байсан юм. Тэрээр хэдэн сар хоригдсоны эцэст 2018 онд суллагдаж байжээ. Самсунг группын нээлттэй компаниудад Өмнөд Солонгосын тэтгэврийн сан хөрөнгө оруулсан байдаг тул засгийн газар удирдлагын томилгоонд чухал нөлөөтэй байдаг юм.

Тиймээс өчигдрийн хурлын гол агуулга нь өмнөх алдааныхаа төлөө олон нийтээс уучлал гуйж, компанийн засаглалыг сайжруулах амлалт өгөх байлаа.

Самсунг Группын удирдлага өнгөрсөн хугацаанд нийгэмд зөв үлгэр дууриал болохоор ажиллаж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн Ли Жэ Ён компани дотроо үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрч, засаглалыг гэр бүлийн өмч болгохгүй гэдгээ амлажээ.

“Ажил үүргээ өөрийн үр хүүхдүүдэд залгамжлуулах төлөвлөгөө надад байхгүй. Би энэ байр сууриа эртнээс олон нийтэд ил тод зарлах бодолтой байсан ч боломж гарсангүй өнөөдрийг хүрлээ. Бизнесийн нөхцөл байдал хүнд хэцүү байснаас гадна би өөрөө ийм мэдэгдэл хийх хүн гэдгээ батлан харуулахад цаг хугацаа шаардлагатай байсантай холбоотой” гэж Ли Жэ Ён мэдэгджээ.

Самсунг Группын хараат бус ёс зүйн хороо түүнийг олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг энэ оны эхээр гаргаж байсан юм. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас төлөвлөгөө хойшилсоор өчигдөр хэрэгжжээ.

Самсунг нь Өмнөд Солонгосын эдийн засгийн 15 орчим хувийг бүрдүүлдэг аварга том бизнесийн групп юм. Группын хамгийн том нэгж нь Самсунг Электроникс бөгөөд ухаалаг гар утас, санах ой, дэлгэцний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг.

 

Эх сурвалж: CNN