Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Астрономичид дэлхийд хамгийн ойр орших хар нүхийг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Астрономичид манай нарны аймагт хамгийн ойр орших хар нүхийг илрүүлснээ өчигдөр зарлажээ. Уг хар нүх нь биднээс ердөө 1,000 гэрлийн жилийн зайд оршдог юм байна.

Европын астрономичид илрүүлсэн хар нүхнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өчигдөр “Astronomy & Astrophysics” сэтгүүлд нийтлүүлжээ.

Хар нүх нь асар их татах хүчтэй байдаг тул гэрлийг хүртэл өөртөө татдаг гэдэг. Тиймээс шууд ажиглах боломжгүй юм. Харин хар нүхний эргэн тойронд байгаа биетүүдийг харах боломжтой.

Эрдэмтэд ч бас нэгэн хос одны системийг судалж байгаад хар нүхийг илрүүлсэн байна. Хос оддын нэг нь ямар нэг үл үзэгдэх биетийг 40 хоног тутамд нэг удаа бүтэн тойрч байгааг тогтоосон ажээ. 

Харин уг үл үзэгдэх биет нь манай нарнаас 4 дахин их масстай хар нүх болохыг илрүүлсэн байна.

Уг шинэ олдвор нь одоогоор нарны аймагт хамгийн ойр орших хар нүхэнд тооцогдож байгаа юм. Дараах видео загварт хар нүх (улаан) болон од (хөх) эргэлдэж байгааг, тэдгээрийн гадна алс тойрогт бас нэг од (хөх) эргэлдэж байгааг дүрсэлжээ.

Эдгээрийг нийлүүлээд HR 6819 систем гэж нэрлэж байна.

Уг систем нь бидэнд харьцангуй ойрхон байрлаж буй тул дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын оршин суугчид тэнгэр цэлмэг тохиолдолд нүдээр харах боломжтой гэнэ.

Эрдэмтэд хар нүхийг илрүүлэхдээ тэдгээрийн цацаргаж байгаа X-ray туяагаар нь таньдаг. Ойролцоох оддыг залгих үедээ хар нүх ийм туяа цацруулдаг юм.

Гэхдээ бас X-ray туяа цацруулдаггүй олон сая, бүр тэрбумаар тоологдох хар нүхнүүд манай галактикт байгаа гэсэн таамаглал байдаг. Тэдгээрийн нэг нь энэхүү HR 6819 системд оршдог хар нүх ажээ.

Эрдэмтэд энэ удаагийн нээлтийг “мөсөн уулын орой” гэж дүгнэж байна.

 

Эх сурвалж: Business Insider