Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

П.Болортуяа: Стресс удаан үргэлжилбэл сэтгэцийн өвчирхөх эмгэгт хүргэж болдог

ikon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN

Өвчирхөх эмгэгийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Зөвлөх поликлиник, Сэтгэцийн эмгэг судлал, Сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяагийн бэлтгэсэн зөвлөгөөг хүргэж байна.

 
Өвчирхөх эмгэг гэдэг нь сэтгэцийн эмгэг бөгөөд үүний талаар ярихын өмнө өвчирхөх эмгэг үүсгэдэг шалтгааны талаар дурдъя. Гэр бүлийн буруу хүмүүжил, гэр бүлийн гишүүн архины хамааралтай байх, бага насандаа хүчирхийлэлд өртөх, гэр бүлийн гишүүн хүндээр өвдөх, ганцаардах, бусдад гологдох буюу хаягдах, ажлаасаа халагдах, осол гэмтэлд орох, сүрдүүлэг буюу аюул заналд өртөх зэргээс шалтгаалан хүн удаан хугацаанд стресстэй явдаг. Энэ мэт амьдралд тохиолдох  олон төрлийн сэтгэл зовнил, стресс буюу сэтгэцийн тулгамдсан асуудал нь хүндэрч өвчирхөх эмгэгт хүргэж болно.

Гэр бүлийн буруу хүмүүжил нь өвчирхөх эмгэгт хэрхэн нөлөөлдөг вэ?

Салж сарнисан, согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын хэрүүл маргаантай байдаг гэр бүлүүдэд хүүхэд ээж аавын хайр халамжаар дутан өсөж, хүмүүждэг. Ийм орчинд өссөн хүүхдүүд хараа хяналтгүйгээр архи, тамхи, мансууруулах бодист донтох, өөртөө итгэлгүй болох, ганцаардал, айдас түгшүүртэй болох өндөр магадлалтай байдаг.

Үүнээс гадна эрх танхи хүмүүжил, шоовдорлох хүмүүжил,  хэтэрхий хараа хяналт тавих хүмүүжил, хатуу гарын хүмүүжил  гэх мэт өв тэгш бус хүмүүжлийн хэлбэрүүд хүүхдийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болоход нөлөөлнө. Харин өв тэгш хүмүүжил гэдэг нь хүүхэд  төрүүлсэн эцэг, эхийн гар дээр эрүүл чийрэг өсөн торниж, гэр бүлийн гишүүд харилцан нэг нэгнээ  ойлгож хүндэтгэдэг, санаа бодлоо хуваалцдаг эрх тэгш байхыг хэлнэ.

Хүүхдийг эрх танхи дураар нь хүмүүжүүлэх нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хүргэдэг байх нь...

Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхдээ хэт бурханчлан, эрх танхи өсгөх нь буруу. Ялангуяа айлын ганц хүүхэд, айлын отгон хүүхэд гэхчлэн хүүхдээ үнэлж, бүх зүйлийг нь зөвтгөж, өмгөөлж хамгаалж, бурханчлан өсгөдөг. Ийм хүүхэд өөрийгөө хэт үнэлнэ, өөрийн дураар аашилна, хүмүүсийн анхаарлын төвд өөрийгөө байлгахыг эрмэлзэнэ, өөрийгөө магтуулах, үнэлүүлэх сонирхолтой болж амьдралд тэжээлгэгчийн байр сууринаас ханддаг болно. Өөрөө бие даан амьдрахын цагт хамт ажиллагсадтайгаа байн байн зөрчилдөж, муу хийсэн ажлаа дунд, дунд хийсэн ажлаа сайн хийсэн гэж үнэлүүлэх сонирхолтой байдаг бөгөөд зүй ёсны шүүмжлэлд хэт эмзэглэн өөрийгөө зөвтгөн бусдыг буруутгадаг.

Хүүхдийг хэтэрхий эрх танхи хүмүүжүүлэх нь насанд хүрсэн хойноо сэтгэцийн бие хүний жүжиглэх эмгэг, истерийн невроз, ээрэх эмгэг, өвчирхөх эмгэг зэрэгт хүргэж болно.

Өвчирхөх эмгэгтэй хүмүүст зонхилон  ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Удаан үргэлжилсэн стресс, хар бага насны буруу хүмүүжил, сэтгэл зүйн гэмтлээс шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, хоолой боож, амьсгал бачуурах, юм идэхээр горойгоод хоол орохгүй байх, эсвэл зүрхээр хатгуулж өвдөх, амьсгаадах, ходоод орчмоор эвгүй оргих гэхчлэн хүн бүрд өөр өөр зовуурь шаналгаа илэрч болно. Өөрт илэрч буй шинж тэмдгийн талаар цаг үргэлж бодно, хэт их санаа зовно, биеэ байнга чагнана. Өөрөөсөө эдгэшгүй хийгээд амь насанд аюултай өвчин хайна.

Жишээлбэл, өөрөөсөө зүрх, уушги, ходоодны хавдрын шинж тэмдэг хайж өвчний тухай ном уншина, интернет цахим орчноос мэдээлэл цуглуулна. Дээрх өвчний зовуурь өөрт байна гэж итгэн байн байн эмчид үзүүлж бүх шинжилгээнд хамрагдаж, нэг шинжилгээг өөр өөр газар олон дахин өгнө. Өөрийгөө  өвчтэй болчих вий гэж цаг ямагт түгшинэ, өвчтэй болчихлоо гэж хий хоосон айна.

Гэвч эцсийн бүлэгт биед бодитой өвчин үгүй, компьютер томографийн шинжилгээ болон бусад багажийн шинжилгээнд ямар ч өөрчлөлтгүй, хэвийн байдагт оршино.  Зарим хүн өөрийн орны бүх эмнэлэгт хандаад эрүүл гэсэн дүгнэлт гарахад түүнд нь итгэхгүй гаднын улс орнууд руу  явж шинжилгээ оношилгоонд ордог тохиолдол ч байдаг. Гэвч шинжилгээний үр дүн эрүүл гэсэн хариу гардаг.

Өвчирхөх эмгэгтэй хүн хаана хандах хэрэгтэй вэ?

Өвчирхөх эмгэгтэй  хүмүүс гэртээ ганцаараа байхаас аль болох зайлсхийж байдаг. Учир нь ганцаараа байж байгаад амьсгал боогдоод, цус харваад үхчих вий гэсэн муу бодлууд төрж, сэтгэл түгшилт, айдас үүсэж байнга хажуудаа хэн нэгнийг байлгах хүсэл эрмэлзэлтэй болдог. Тиймээс энэ бүх айдсыг даван туулах, нийгэмтэйгээ дасан зохицож амьдрах нь чухал бөгөөд хэрэв өвчирхөх эмгэгийн шинж тэмдэг илэрч байвал сэтгэцийн эмчид хандах нь зөв.