Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд коронавирусийн тоо баримтыг факсаар илгээдэг хоцрогдсон аргыг шүүмжилж, өөрчлөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр техник, технологийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг боловч Япон улсад факсын машин одоо болтол чухал үүрэгтэй байдаг.

Тус улсын хуулинд заасны дагуу өнөөдөр эмнэлгүүд коронавирусийн тархалтын тайлан мэдээг цаасан дээр гараар бичээд факсаар төв рүүгээ илгээдэг юм байна.

Саяхан Японы нэгэн эмнэлгийн эмч энэхүү хуучирсан практикийг өөрчлөхийг твиттер хуудсандаа уриалж бичсэн нь сошиал сүлжээнд олон хүний дэмжлэгийг авжээ.

“Үүнийг зогсооцгооё. Тайлан мэдээг гараараа бичсээр байх уу? Коронавирусийн мэдээг хүртэл гараар бичиж, факсаар илгээсээр байх юм гэж үү?” гэж тэр бичсэн байна.

Эмч энэхүү аргыг Шовагийн эринээс үлдсэн хуучирсан уламжлал гэж нэрлэжээ. 1926-аас 1989 оны хооронд үргэлжилсэн Хирохитогийн хаанчлалын үеийг Шовагийн эрин гэж Японд нэрлэдэг.

Засгийн газрын сүүлийн тоо баримтаас харвал Япон улсад өнөөдөр албан байгууллага бүр, айл өрхүүдийн гуравны нэг нь факсын машинтай байна.

Японы твиттер хэрэглэгчид эмчийн шүүмжлэлийг дэмжиж “Тахал ийм эрчтэй тархаж буй үед хурд маш чухал. Тахалтай тэмцэхэд орчин үеийн технологи хэрэглэхгүй байгаа нь том алдаа”, “Японд өнөөдөр Covid-19 өвчний тархалтын мэдээг гараар бичээд факсдаж байна гэхээр надад хэлэх олдохгүй байна. Тоо баримт алдаатай байхад гайхах зүйл алга”, “Өнөөдөр 2020 он. Энэ тэнэглэлээ зогсоо” гэх зэргээр бичжээ.

Энэхүү тэмцлийн үр дүнд Япон улсын засгийн газар тавдугаар сарын 10-наас эхлэн тайлан мэдээг электрон шуудангаар илгээхийг эмнэлгүүдэд зөвшөөрөхөөр болсон байна.

“Япон бол маш хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүсээр удирдуулдаг орон. Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсуудтай харьцуулахад цар тахлын эсрэг Японы авч хэрэгжүүлсэн арга хэмжээ удаан байгаа нь үүнтэй холбоотой” гэж Тэмпл Их сургуулийн Ази судлалын салбарын захирал Жэф Кингстон ярьжээ.

Гэхдээ цар тахлын нөлөөгөөр Япон улсад сэтгэлгээний өөрчлөлт гарч, олон хуучинсаг ойлголт, ажиллах арга барил өөрчлөгдөж эхэлж байгааг тэр сайшаасан байна.

Тухайлбал компаниуд ажилтнууддаа гэрээс ажиллах боломж олгох болсон нь цоо шинэ үзэгдэл юм. Японы засгийн газар хорио цээрийн үед ажлын байранд нүүр тулж харилцах явдлыг 70-80 хувиар бууруулах зорилт тавьж байгаа.

Гэвч дөрөвдүгээр сарын 26-нд Google компанийн гаргасан гар утасны байрлалын мэдээнээс харвал Японы компаниудын ажлын байрны хөл хөдөлгөөн дөнгөж 27 хувиар буурсан нь харагджээ.

 

Эх сурвалж: Associated Press