Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д гурван эмч учир битүүлэг шалтгаанаар эмнэлгийн цонхоор унажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын баруун бүсийн Воронеж мужийн Новая Усман хотын эмнэлгийн хоёр давхрын цонхоор 37 настай түргэн тусламжийн эмч унаж, хүнд гэмтсэн байна.

Гавлын яс нь бяцарсан Александр Шулепов одоо эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа юм. Тэрээр Covid-19 өвчтөнүүдийг эмчилж байх үедээ халдвар авч, эмчлүүлээд эдгэрэх шатандаа ороод байжээ. 

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ОХУ-д гурван эмч тодорхойгүй шалтгаанаар эмнэлгийн цонхоор унаснаас эхний хоёр нь нас барсан юм.

Шинжилгээний хариу нь эерэг гараад байхад эмнэлгийн захиргаа үргэлжлүүлэн ажиллахыг шаардсан тухай Шулепов өмнө нь гар утсаар хийсэн видео мэдэгдэлдээ ярьж байжээ.

Үүнээс гурав хоногийн дараа хийсэн хоёр дахь мэдэгдэлдээ тэр анхны мэдэгдлээ “сэтгэл хөдлөлөөр хийсэн”-ээ тайлбарлаад гомдлоо буцааж байсан юм.

Тавдугаар сарын 1-ний өдөр Оросын Красноярск хотын ахмад дайчдын эмнэлгийн ерөнхий эмч Елена Непомняшая эмнэлгийнхээ таван давхарт байрладаг албан тасалгааныхаа цонхоор унаж нас барсан байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Непомняшая унахаасаа өмнө эмнэлгийнх нь нэг хэсгийг коронавирусийн өвчтөнүүдийг эмчлэх зориулалтаар ашиглах талаар мужийн эрүүл мэндийн газрын дарга Борис Немиктэй утсаар ярьж байжээ.

Хохирогч эмч энэ санааг эсэргүүцэж байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Москвагийн ойролцоох Звёздный хэмээх жижиг хотын түргэн тусламжийн төвийн дарга Наталья Лебедева мөн эмнэлгийн цонхоор унаж нас баржээ.

Тэрээр коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байхдаа унаж нас барсан байна. Эмчлүүлж байсан эмнэлэг нь уг хэргийг “золгүй явдал” гэж тайлбарлажээ.

Лебедева хамт ажилладаг хүмүүстээ коронавирусийн халдвар тараасанд буруутгагдаж байсан тул амиа хорлосон байх магадлалтайг түүний ойрын хүрээний хүмүүс хэвлэлд ярьсан байна.

Сүүлийн байдлаар ОХУ даяар коронавирусийн халдварын 145,268 тохиолдол бүртгэгдэж, 1,356 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: The Moscow Times