Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу Толгой"-н гүний уурхайн өргөтгөл малталт КОВИД-19-с шалтгаалж 30 хувиар удаашрах магадлалтай байна

Б.Ану
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” (ОТ) 2020 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. 

ОТ баяжмал дахь зэс болон алтны үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөний биелэлт хангалттай байна гэж тайландаа дурдаж татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.доллар төлсөн тухай танилцуулсан байна. Мөн 105 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулж, КОВИД-19-ийн эсрэг дэмжлэг хэлбэрээр 455 гаруй сая төгрөгийг хандивласан талаараа тайлагнажээ.

КОВИД-19 буюу дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарч ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн эн тэргүүнд тавин ажиллаж байгаагаа ОТ мэдэгдэж тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэ цаг үед бидний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, бүх түвшний онцгой комиссууд, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, бусад холбогдох агентлагууд болон галын шугамд ажиллаж буй албан хаагч нартаа талархал илэрхийлье” гэжээ.

Хятадын талын худалдан авалт гуравдугаар сард идэвхжсэн

  • КОВИД-19-ээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийсэн байна. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна гэж ОТ мэдэгджээ.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.долларыг нэгдүгээр улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд 2.7 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрүүдээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
  • Эхний улиралд нийтдээ 516 ханган нийлүүлэгчтэй 361 үндэсний ханган нийлүүлэгчид байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулсан. Харин 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд нийт 3.3 тэрбум ам.долларыг үндэсний ханган нийлүүлэгчдэд төлжээ.
  • Хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурсан байна.
  • 35,203 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 23 хувиар буурсан.
  • 26,154 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан.
  • Ерөнхийдөө хатуулаг багатай, тээрэмдэхэд бэлэн хүдэр байсан болон бүтээмж сайжруулахаар авсан арга хэмжээний үр дүнд баяжуулах үйлдвэрийн гарц 2019 оны нэгдүгээр улирлынхаас 17 хувиар ахиу байсан гэжээ.

Гүний уурхайн төслийн мэдээ

  • Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны гуравдугаар сарын 16-нд мэдээлснээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, ахиц гарган ажилласан гэжээ. (Гуравдугаар сард 1,939 метр малталт хийсэн бол сард дунджаар 1,939 физик метр малтжээ).
  • КОВИД-19-ийн тархалтыг зогсоох ажлын хүрээнд хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах, бараа бүтээгдэхүүн татан авахад асуудал тулгарсан зэргээс үүдэн бүтээн байгуулалтын явц саарсан гэжээ.
  • Шинээр ашиглалтад оруулсан троссны ердийн суналт нь Үйлдвэрлэлийн амны өргүүрийн бүтээмжид нөлөөлж болох ба КОВИД-19-өөс болж гадаад мэргэжилтнүүдийн Оюу толгойн уурхайн талбар руу ирэх аялал хязгаарлагдсанаас шалтгаалан гүний уурхайн өргөтгөл малталт 30 хувиар удаашрах магадлалтай байна. Мэргэжлийн ажилтнууд уурхайн талбарт ирж тохиргооны ажлыг хийх хүртэл өргүүрийг ашиглах хугацааг уртасгах зорилгоор өргүүрийн даац болон хурдыг сааруулсан. Уурхайн удирдлагууд нөхцөл байдал хяналтад байгаа гэж үзэж байгаа хэдий ч шаардлагатай байгаа мэргэжилтнүүд хоёрдугаар улирлын эцэс гэхэд уурхайд ирэх боломжгүй болбол энэ нь төслийн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөр байна. Үйлчилгээний өргүүрээр хүн болон материал тээвэрлэх ажил хэвийн үргэлжилж байна гэсэн байна.
  • Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал, хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэйгөөр ажиллаж байгаа талаар ОТ мэдээлжээ. Үүнд олборлолтын эхний панел буюу “ Панел 0”-ийн шинэчилсэн зураг төсөл дээр суурилж гаргах гүний уурхайн төслийн капитал зардал болон хуваарийн тооцоолол багтана. 
  • Мөн 2019 оны долоодугаар сард зарласны дагуу барилгын ажил 16-30 сараар хойшилж, 1.2-1.9 тэрбум ам.доллараар капитал зардал өсөх урьдчилсан тооцоолол өөрчлөгдөөгүй байна, КОВИД-19-тэй холбоотой хязгаарлалтууд хэр удаан үргэлжлэхээс шалтгаалан хуваарьт нөлөө үзүүлэх магадлалтай гэж ОТ мэдэгджээ.