Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хүүхдийн тоо 39 дэх жилдээ дараалан буурлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Япон улсын засгийн газраас гаргасан тоо баримтаас харвал тус улсын хүн ам дотрох хүүхдийн тоо 39 дэх жилдээ дараалан буурсан байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар тус улсад 15.12 сая хүүхэд бүртгэгдсэн нь жилийн өмнөх мөн үеэс 200,000-аар буурсан үзүүлэлт болжээ.

Мөн хүн амын статистик тоо баримт гаргаж эхэлсэн 1950 оноос хойшх хамгийн бага тоо болсон байна. Нийт хүн амд эзлэх хүүхдийн хувь хэмжээ 12 хувьд хүрсэн нь бас 46 жил дараалан буурсан үзүүлэлт болжээ. Харьцуулбал Өмнөд Солонгост энэ хэмжээ өнөөдөр 12.4 хувь байгаа юм. Мөн 40-өөс дээш сая хүн амтай дэлхийн улс орнууд дотроос хамгийн бага үзүүлэлт болжээ.

Эсрэгээрээ Япон улсын хүн амд эзлэх 65-аас дээш настнуудын хувь хэмжээ 28.6 хувь болж нэмэгдсэн байна.

Японы хүн амд хүүхдийн эзлэх хувь хамгийн дээд цэгтээ хүрсэн жил нь 1954 он байсан бөгөөд тухайн үед 29.89 хувьд хүрч байжээ. 

1970-аад оны үед энэ хэмжээнд нэг удаа дөхөж очсон ч 1982 оноос хойш тасралтгүй буурсан байна.

Ерөнхий сайд Абэ Шинзогийн засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч үр дүн гарахгүй байгаа юм. Японы хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл 12-14 насныхан хамгийн олон буюу 3.21 сая байна. Харин 0-2 насны хүүхдүүдийн тоо 2.75 сая болжээ.

Хүйсээр нь авч үзвэл 7.74 сая нь эрэгтэй, 7.38 сая нь эмэгтэй байна.

 

Эх сурвалж: Kyodo News