Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ирландын Засгийн газраас хөл хөдөлгөөний хязгаарлалтыг таван үе шаттайгаар сулруулна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ирландын Засгийн газраас одоогийн мөрдөж буй хөл хөдөлгөөний хязгаарлалтыг дараах таван үе шаттайгаар сулруулахаар шийдвэрлэснийг та бүхэнд мэдээлж байна.

Үүнд:

Нэгдүгээр үе шат /2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжинэ/

  • Иргэд аль болох гэртээ байх. Шаардлагатай тохиолдолд гадуур 2 метрийн зай барин хүмүүстэй уулзаж болох ч 4-с илүү тооны хүн нэг дор цугларахгүй байх.
  • Сургууль, цэцэрлэгийн орчинд зөвхөн багш нар цахимаар хичээл заах шаардлагаар нэвтрэх.
  • Барилгачид, цэцэрлэгчид гэх мэт гадаа ажиллах иргэд шаардлагатай тохиолдолд ажлаа эхэлж болох.
  • Гольф, ууланд алхалт зэрэг иргэдийн гадаа орчинд биеийн тамир хийх олон нийтийн зарим газар нээгдэнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
  • Олон нийтийн аль аль газарт заавал маск зүүх ёстой талаар нэгдүгээр шат эхлэхээс өмнө дахин мэдээлэх юм байна.

Хоёрдугаар үе шат /2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хэрэгжинэ/

  • Иргэд аль болох гэртээ байх хэвээр. Гэрээсээ ажиллах боломжтой бол үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах. Шаардлагатай тохиолдолд гэрээсээ 20 километрийн радиус дотор гарч явж болно.
  • Зай барих дэглэмээ баримтлан гэртээ 4-с илүүгүй тооны зочин хүлээн авч болно.
  • Жижиглэн худалдааны дэлгүүрүүд зай барих дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа нээж болно. Гэхдээ дэлгүүрийн худалдагчид заавал маск зүүх ёстой.
  • Номын сангууд зай барих дэглэм баримтлан тусгай хуваарийн дагуу ажиллаж болно.
  • Зай барих дэглэмийн хүрээнд хэсэг бүлгээрээ дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх ч ямарваа нэгэн тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглоно.

Гуравдугаар үе шат /2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжинэ/

  • Иргэд аль болох гэртээ байх хэвээр. Гэрээсээ ажиллах боломжтой бол үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах. Шаардлагатай тохиолдолд гэрээсээ 20 км радиус дотор гарч явж болох хэвээр.
  • Зай барих дэглэмийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын хүүхдүүдийн цэцэрлэг, хүүхэд асрах төвийн үйл ажиллалагаа үйл ажиллагаа нээгдэнэ.
  • Хүүхдийн тоглоомын талбай нээгдэнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
  • Олон нийттэй харилцаанд ороод байдаггүй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нээж болно.
  • Эмнэлэг, шорон зэрэг газруудад эргэлт оруулна. Гэхдээ эргэлтээр ирэх иргэдээс өөрийгөө хамгаалах эрүүл ахуйн бүрэн хэрэгсэлтэй байхыг шаардана.
  • Бэлэн бүтээгдэхүүн бус, шинээр хоол бэлтгэдэг хоолны газрууд үйл ажиллагаагаа нээж болно. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.

Дөрөвдүгээр үе шат /2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжинэ/

  • Иргэдийн хөдөлгөөнийг гэрээсээ 20 километр радиус дотор гэж хязгаарлахгүй. Мөн бие биенийдээ зочлох хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
  • Музей зэрэг соёлын үйл ажиллагаа эрхэлдэг газруудыг нээнэ.
  • Нийтийн усан сангийн үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
  • Зай барих дэглэмийн хүрээнд спортын зарим багуудын үйл ажиллагааг сэргээнэ.
  • Зочид буудлуудын үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ зай барих дэглэм хэвээр үйлчилнэ. Харин зочид буудлуудын баарыг нээхгүй.

Тавдугаар үе шат /2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжинэ/

  • Бүх төрлийн ажлын байрны үйл ажиллагааг сэргээнэ. Гэхдээ зай барих дэглэм баримтлах боломжгүй, өндөр эрсдэлтэй ажлын байрны хувьд тусгай хуваарь, хөтөлбөр боловсруулсан байх шаардлагатай.
  • Бүх шатны сургуулиудын 2020–2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг эхэлнэ.
  • Театр зэрэг нийтийн үзвэрийн газруудыг нээнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
  • Бокс гэх мэт биед хүрэлцдэг спортын үйл ажиллагааг нээнэ.
  • Спорт заал болон бүжгийн клубуудын үйл ажиллагааг нээж болно. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
  • Баар, клубуудын үйл ажиллагааг нээж болно. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.

Ирландад шинэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлт хөл хөдөлгөөний хязгаарлалт тогтоосноор сүүлийн үед хэдийгээр буурах хандлагатай байгаа ч Ирландад оршин суугаа монгол иргэд та бүхэн анхаарлаа сулруулалгүй, олон нийтийн газраар аль болох явахгүй, хувийн ариун цэвэр, хамгаалалтаа үргэлжлүүлэн хангаж байхыг хүсье.

 

Лондон дахь ЭСЯ