Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэртэй наалтууд байрлуулжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна.

Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог.

Үүнээс шалтгаалан төв суурин газруудад халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэхэд энэхүү ажил эерэг нөлөөтэй аж.

Мэдэгдлийн дагуу Централ тауэр, Шангри-Ла төвүүд дүрст наалтыг анхлан байршуулсан гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Энэ талаар нийслэлийн Байгаль, орчны газраас тайлбар авахад "Нүүдлийн шувуу нэвт харагддаг шилэн барилгыг мөргөж, хорогдсон тохиолдол олон гарч байна. Өөрөөр хэлбэл, шувуу нэвт харагдаж буй шилийг харалгүй, нисэж байхдаа мөргөж гэмтэж, хорогддог гэсэн үг. 

Ийм стикер нааснаар шувууд шилийг мөргөхгүйгээр тойрч нисэх боломжтой. Дэлхийн олон оронд нүүдлийн шувуудаа байшингийн шил мөргөж хорогдох эрсдлээс ингэж хамгаалдаг" хэмээн хэлэв.

Нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, шувуудын талаарх олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг 2006 оноос хойш тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн билээ.