Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтансор: Цар тахал боловсролын салбарт өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна

ikon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд хөл хорионы энэ нөхцөлөөс үүдэн ирээдүйд ажиллах болон сурах арга барил илүү онлайн платформд тулгуурлан явагдана гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад буй. Тэгвэл бид энэ асуудалд хэрхэн хандаж, ямар бэлтгэлтэй байгаа вэ?

Та өөрийгөө бүтэн гурван сарын турш нийгмийн харилцаанд орохгүй, гэртээ “хоригдож” өдөр бүрийг нэгэн хэвийн өнгөрүүлж байна гэж төсөөлөөд үзээрэй. Энэ байдал бүр хагас жил үргэлжилнэ гэж бодохоор айдас төрж байгаа биз?

Яг үүний адил та хүүхдийнхээ бяцхан ертөнцөд юу болж байгааг ойлгохыг хичээж үзсэн үү?


Коронавирусийн урт хугацааны хөл хорионы үеийн сурах орчны өөрчлөлтөд хүүхэд дасан зохицоход эцэг эхчүүд чухам юуг анхаарах, сургуулийн өмнөх боловсрол яагаад чухал болох, хөл хорионы үеэр хүүхдээ хэрхэн хөгжүүлэх, гэнэтийн энэ нөхцөл байдал боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх болсон гэдгийг харуулж байгаа талаар Калифорнийн Их Сургуулийн Боловсрол судлалын магистр, “Q Education Group”-ийг үүсгэн байгуулагч Ц.Алтансортой ярилцлаа. 


-Коронавирусийн урт хугацааны хөл хорионоос болж олон мянган хүүхдүүд сургууль, цэцэрлэг завсардсанаар боловсрол, хөгжил нь орхигдож эхэллээ. Энэ үед эцэг эхчүүдийн хувьд цаашид хэрхэх вэ гэсэн асуулттай тулгарч байна. Бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн салбарт ажилладаг мэргэжилтний хувьд зөвлөгөө өгвөл?

-Мэдээж, амь нас, эрүүл мэнд эрхэм чухал гэдгийг анхаарч төрөөс шийдвэртэй алхмууд хэрэгжүүлж буй нь сайшаалтай. Гэхдээ эрүүл мэндийн дараа бичигддэг боловсролын салбарын үйл ажиллагааг есдүгээр сар хүртэл зогсоочихлоо. Гэнэтийн шийдвэр учраас авах арга хэмжээний хувьд хязгаарлагдмал байсан байх. Хүүхдийн боловсрол хөгжил биднийг хүлээхгүй шүү дээ. Теле хичээл зурагтаар гарч байгаа ч алсын зайны сургалтад хамрагдаж байгаагүй хүүхдүүд үүнд дасан зохицохгүй байна. Багшийн чиглүүлэг байхгүй, мөн эцэг эхчүүд суралцахад тохиромжтой орчин нөхцөлийг төдийлөн хангаж мэдэхгүй байна.

Бага насны хүүхдийн хүүхдийн хөгжил нь цаг минутаар хэмжигддэг гэхэд хилсдэхгүй. Хагас жил бүү хэл долоо хоногийн дотор л хүүхдийн биеийн өсөлт, хэл ярианы хөгжил, танин мэдэхүйн хөгжил, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар, орчноосоо шалтгаалаад сэтгэхүйн хөгжил нь хүртэл өөрчлөгддөг.

Хүүхэд бүү хэл томчууд ажилдаа явахгүй, хүмүүстэй харилцаа үүсгэхгүй байвал нийгэмшихүйн хэрэгцээ нь хангагдахгүй зожигрох, дотогшоогоо нэгэн болдог. Үүний адил гэртээ байгаа хүүхдүүдэд нийгэмшихүйн хэрэгцээ нь хангагдахгүй байгаа учраас сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, тодорхой хэмжээнд айдас түгшүүрт автах зэрэг сэтгэл зүйн гэмтэл учирч болзошгүй гэж үздэг. Одоо мэдэгдэхгүй байж болох ч хэсэг хугацааны дараа энэ нь илэрдэг.

Танд ямар хэрэгцээ шаардлага байдаг, хүүхдэд яг тийм зүйлс шаардлагатай байдаг. Хүүхэд өөрт нь юу хэрэгцээтэй байгааг илэрхийлж чадахгүй, ямар мэдрэмж төрөөд байгааг хүртэл мэддэггүй учраас эцэг эхчүүд өдөр бүр үлгэрийн ном уншиж өгч, хүүхэдтэйгээ 20 минут ч болов ярилцаж, тоглож, хамтдаа хичээлийг нь хийж, насны онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих нь боломжийг эрэлхийлэх нэн шаардлагатай.

 

Технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар хүүхэд хаанаас ч сурах боломжтой цаг үед бид амьдарч буй атал гэнэтийн нөхцөл байдал үүсэхээр хүүхдийн хөгжил бол дараагийн асуудал болон орхигдож байгаа нь харамсалтай.

Бид XXI зууны хүүхдүүдэд XIX зууны анги танхимд, XX зууны боловсролын арга барилаар боловсрол олгож байна.

Гэтэл Z, Alpha үеийн хүүхдийн сэтгэл зүй, сэтгэхүй нь өөрчлөгдөөд байхад боловсролын систем нь дагаж өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Энэ гэнэтийн өвчин тахал боловсролын тогтолцоонд шинэчлэл, өөрчлөлт авчрах шаардлагатайг сануулж байна.

-Тэгвэл дэлхий нийтийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлэхийн тулд бид юу хийх шаардлагатай вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын хувьд онлайн сургалтын арга барил хэдийн нэвтэрчихсэн тул энгийн үед хүүхдүүд гэртээ онлайн сургалтын платформууд болон аппликэйшн зэргийг сургалтын хөтөлбөрийнхөө нэг хэсэг болгоод хичээллээд сурчихсан байдаг. Эдгээр хүүхдүүдийн хувьд сорилт, шинэлэг зүйл биш бол манай нөхцөлд онлайнаар хичээллэх боломж хомс наад зах нь айл бүрд интернет, компьютер байхгүй зэрэг асуудал яригдаж буй. Ковид-19 тэй холбоотой олон мянган боловсролын платформ, апп-ууд, онлайнаар уншиж болох номын сангууд зэрэг нь хөл хорионы үеэр үнэ төлбөргүй сурах, хэрэглэх эрхийг сурагчдад олгож байна. Тиймээс бид дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тулд, гэнэтийн үйл явдалд бэлтгэлтэй байх, боловсролыг тэгш олгохын тулд технологитой хосолсон сургалтын арга барилуудыг нэвтрүүлж боловсролын реформ хийх цаг нь хэдийн ирсэн гэж хэлмээр байна.

Боловсролын бодлого боловсруулагчид, багш нар ч XX зууны арга барилаар л боловсрол олгоод байх юм бол бид боловсролын хөгжлийн гадуур үлдэнэ.

Тиймээс бодлого тодорхойлогчдын хувьд ч тэр судалгаа хийж, дэлхийн жишиг хаашаа явж байна вэ, өнөөгийн хүүхдүүд юу хүсээд байна вэ гэдэг рүү чиглэсэн өөрчлөлт хийхээс өөр аргагүй болж байна.

Харин ээж аавууд хүүхдээ гэрээр нь сургах, хөгжүүлэх ямар боломж байгааг судалж, цаг алдалгүй насных нь онцлогт тохируулан хүүхдээ хөгжүүлэх маш чухал.

Гадны улсуудад гэрээр суралцах боловсролын хэрэгслүүд өргөн хэрэглэгддэг. Мөн эцэг эхэд зориулсан гарын авлага бүхий видео хичээл зэрэг гэртээ хийж туршиж болох бүх хэрэгслийг зах зээлд цогцоор нь гаргасан байдаг. Хүүхдүүд үүний тусламжтай бүтэн жил хичээлдээ явж чадахгүй байсан ч гэрээсээ сураад тухайн жилдээ эзэмших ёстой мэдлэг чадварыг бүрэн эзэмшдэг. Гэтэл манайд онцгой нөхцөлд авах арга хэмжээ дутагдаж байна.

Энэ үед ихэнх хувийн сургуулиуд Zoom, Google classroom, Microsoft teams гэх мэтчилэн шууд харилцаа үүсгэдэг платформоор өглөөнөөс өдөр хүртэл хичээллэх зэргээр нэлээн ахицтай ажиллаж байгаа нь анзаарагдсан.

-Боловсролын реформ хийх хэрэгтэй гэлээ. Бид хаанаас, юунаас эхлэх вэ?

-Боловсрол реформ гэхээр маш том өөрчлөлтийн талаар бид ярьдаг. Гэтэл энэ шинэчлэл нь маш энгийн жижиг зүйлийг хэрэгжүүлэхээс эхэлнэ гэж би боддог. Хамгийн түрүүнд эцэг эхчүүдийн оролцоо... Хоёрдугаарт төр бүгдийг шинэчилнэ гэхээс илүүтэй боловсрол шинэчлэлийн төлөө ажиллаж байгаа хувийн байгууллагуудын сайн туршлагыг судалж нэгтгэн нийлүүлж, улсын сургуулиудад туршиж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Тухайлбал хувийн сургуулийн хэрэгжүүлж буй туршлагыг улсын сургуулиудад нэвтрүүлэх нь цоо шинэ зүйлийг туршихаас эрсдэл багатай. Яагаад хувийн хэвшил боловсрол шинэчлэлийг ахицтай хийгээд байна вэ гэхээр эцэг эхчүүдийн оролцоо өндөр, шаардлага тавьдаг учраас тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө хувийн салбарууд өрсөлдөөн дунд хөгжиж байна. Гэтэл улсын сургуулиудын хувьд өрсөлдөөн бараг байхгүй, төрөөс боловсролын бодлогыг хаячихсан нь боловсролын шинэчлэл хийгдэхгүй байгаа нэг шалтгаан гэж хэлж болно.

Гуравдугаарт хүүхдийн хэрэгцээ шаардлага, сэтгэхүйн хөгжил, технологийн дэвшил нийгмийн байдал зэргийг харгалзан үзэж улсаас бодлогын хүрээнд онлайн сургалтын арга барилыг хослуулж байж ирээдүйд энэ мэт нөхцөл байдал үүсэхэд боловсролын тогтолцоо бэлэн байх нь маш том ач холбогдолтой. Үүнд зориулж нөөц бололцоогоо бэлдэх хэрэгтэй. Дээрээс нь гэрээсээ сурах боломжийг хангах тал дээр ажлууд хийгдэх хэрэгтэй байна. Гэрээсээ суралцах хөтөлбөр манай улсад байхгүйгээс маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд хамрагдаж чадахгүй, өвдөөд олон сар гэртээ байгаа хүүхдэд хичээлийн хоцрогдол үүсдэг. Иймд үед нэгдсэн бодлоготойгоор гэрээсээ суралцах боломж нөхцөлөөр хангах сургалтын хөтөлбөр, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага байх ёстой. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд эдгээр асуудалд шийдэл хайж, хөл хорионы үеэр хүүхдийн хөгжлийг хангахад шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Аливаа зүйл хоёр талтай. Хэдий вирус эдийн засгийн хүндрэл авчирсан ч гэсэн нөгөө талаасаа шинэчлэл, бидний олж хараагүй, анзаараагүй зүйлийг олж харахад тусалж байна. Хийж үзээгүй, зориглоогүй зүйлийг одоо хийх гаргалгаанууд гарч ирж байна. Тэр тусмаа боловсрол шинэчлэл гэдэг зүйл хөл хорионы үед тод томруун харагдаж буй.

-Q Education Group-ийн хувьд хөл хорионы үед ямар шинэчлэлт хийж, цаг үетэйгээ нийцэж ажиллаж байна вэ?

-Мэдээж энэ хүнд үеийг эрсдэл багатай туулах хэрэгтэй болж байна. Багш, ажилчдаа аль болох цомхтгож, ажил орлогогүй болгохгүй, хүүхдүүдээ гэрт нь сургах алсын зайны сургалтын арга барил руу шилжүүлэх гээд маш богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл хийх амаргүй даалгавартай тулгарсан. Бид 100 орчим хүүхэдтэй цэцэрлэг, 300 орчим хүүхэдтэй хүүхэд хөгжлийн төвийнхөө үйл ажиллагааг 100% онлайн горимд шилжүүлсэн. Энэ ажил харьцангуй үр дүнтэй хэрэгжиж байгаа нь сайшаалтай.

 
 

Нөгөө талаас орчин үеийн хүүхдэд академик боловсрол авахаас илүүтэй нийгэмшихүйн асуудал маш чухал болсон. Хүүхдүүд маань цахимаар хичээлдээ оролцохдоо ангийнхантайгаа яг л танхимд байгаа юм шиг харилцаа үүсгэж чадаж байна. Хичээлийн төгсгөлд хүүхдүүд багшаасаа бид нар хоорондоо хэдхэн минут ярьчих уу гэж асуудаг. “Би чамайг санаж байна” гэж бие биендээ хэлэх жишээтэй. Үүн дээр үндэслээд бид хүүхдүүдийн ярилцах, бие биетэйгээ харилцах хэрэгцээг хангахаар хичээлийн төгсгөлд хэдэн минут ярилцах цагийг хичээлийн хөтөлбөртөө оруулсан. Эндээс бид цаашид ч онлайн сургалтыг үндсэн сургалттай хослуулан үргэлжлүүлэх бодлогыг барихаар төлөвлөж байгаа. |Эцэг эхчүүдийн хувьд ч хүүхдийг танхимаар л сурдаг гэсэн уламжлалт сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй болсон. Мэдээж хүүхдийн сурах арга барил, сэтгэлгээний онцлогоос хамааран онлайн хичээлийн үр дүн харилцан адилгүй байх боловч бид үүнд хүүхдүүдээ бэлдэх шаардлага тулгарч байна.

Бага насны хүүхдийн боловсролыг дэмжиж ажилладаг байгууллагын хувьд хоёр жилийн өмнөөс жил бүрийн тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн 5-6 насны хүүхдүүдийг сургуульд бэлдэхэд зориулж SRS (School Readiness Skills) сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсад хүүхдээ сургуульд орохоос өмнө эцэг эхчүүд болон сургуулийн өмнөх боловсролын багш нар жишиг тестээр энэ хүүхэд сургуульд ороход бэлэн үү гэдгийг үнэлж үзээд сургуульд бэлдэх чадвар суулгах зарчимтайгаар ажилладаг. Цэцэрлэгийн хүүхдүүддээ нэг сарын хугацаанд сургууль гэж юу болох, сургуулийн орчин ямар байдаг, сургуулийн талаар эерэг төсөөллийг бий болгох, сэтгэл зүйн хувьд хэрхэн бэлдэх вэ, хэл ярианы чадвар сул зарим хүүхдүүдийг, өөрийгөө илэрхийлэхэд сургадаг.

Тухайлбал, зарим хувийн сургуулиуд нэмж хасаж сурсан, хүүхдүүдийг авна гэсэн шалгууртай байдаг. Тиймээс тоо таниулах, нас насны онцлогт тохирсон гар зүгшрүүлэх, гарын жижиг булчинг хөгжүүлэх болон зургийг унших буюу үйл явдлыг яриулах, өгүүлбэр зохиолгох гэх мэтчилэн сэтгэлгээг нь задлах сургалтуудыг зохион байгуулж ирсэн. Тиймээс энэ сургалтаа цогц хөтөлбөр болгон гэрээсээ сурах боломжтойгоор олон хүүхдэд хүргэхээр зорьж байна.

-Яагаад заавал 5-6 настай хүүхдийн сургуульд бэлтгэх хөтөлбөрийг сонгон эхлүүлэх болов?

Энэ жилийн хувьд хамгийн ихээр боловсролын тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүд бол 5 настанууд болон дөнгөж сургуульд ороод хөл хорионы улмаас суралцаж чадаагүй байгаа 1-р ангийн 6 настанууд юм. Манай цэцэрлэгт ч мөн энэ жил сургуульд орох олон хүүхэд бий. Бид цэцэрлэгийнхээ хүүхдүүддээ гэрт нь сурч болох гарын авлага, хөтөлбөрүүдийг бэлтгэн өгч, онлайнаар сургалтаа явуулж байгаа юм. Гэртээ юу хийхээ мэдэхгүй, бүрэн хэмжээний өдрийн хөтөлбөргүй байгаа хүүхэдтэй ээж аавууд манай цахим хичээлийг авъя гэж хандаж эхэлсэн тул манай цэцэрлэгт явдаггүй ч энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүүхдүүдийг олноор хамруулж, хөгжих үйл явцыг нь тасалдуулахгүй байхыг зорьж энэ багц хөтөлбөрөө гаргахаар болсон. Есдүгээр сарын нэгэн болохоор телевиз болон сошиал медиагаар хүүхдүүдийн уйлсан бичлэг цацагдаад тэрийг нь хүмүүс хараад инээж, өхөөрдөөд байдаг. Энэ бол инээх асуудал огтоос биш, эцэг эхчүүд хүүхдээ сургуульд дасан зохицох сэтгэл зүйн хувьд бэлдэх ёстой.

 

Хүүхдүүдийн хувьд шинэ орчинд дасахгүй, өөрийгөө илэрхийлж сураагүй болохоор уйлж байгаа. Цэцэрлэгээс сургууль руу шилжих нь тэдний хувьд цоо шинэ орчин тул хүүхдэд тулгарах бэрхшээлийг арилгах, шинэ орчинд бэлтгэгдсэн байх чадварыг суулгахын тулд олон улсын туршлага дээр үндэслэсэн 24 видео хичээл, дасгал ажлын ном, дэвтэр, туршилт хийх зэрэг хичээлийн бүх хэрэгслийг багтаасан багц байгаа юм. Хүүхдүүд видео хичээлийг эцэг эхийн тусламжтай үзэх боломжтойгоор хийсэн, хэрэв ээж аавууд багшийн тусламжтай давтуулах хэрэгтэй байна гэж үзвэл манай онлайн ангид хамруулж болно. Хүүхдийг залхаахгүйн тулд өдөрт 20 минутаар хичээллэх хөтөлбөрийг санал болгож байгаа. Энэ бүх хичээлийг бид олон улсад боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийг судалсны үндсэн дээр Монголын боловсролын яамны цөм хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан.

-Манайхан сургуулийн өмнөх боловсролд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь харагддаг. Яагаад бид бага насны хүүхдийн хөгжил, боловсролд анхаарах ёстой вэ?

-Манай эцэг эхчүүдийн олонх нь цэцэрлэгийг боловсрол олгох газар гэхээс илүүтэй хүүхэд харах үйлчилгээ гэж үзэх нь энүүхэнд.  0-6 нас нь хүний хөгжлийн алтан үе атал зарим эцэг эх энэ үед хүүхдээ мөрөөр нь орхичихдог. Хүүхэд цэцэрлэгийн орчинд өглөөнөөс орой хүртэл цаг минут тутамд дадал бий болгох байдлаар цогц хөгжлийн 5 үндсэн хэсэг болох танин мэдэхүй, хэл ярианы чадвар, бие бялдрын хөгжил, нийгэмшихүй, сэтгэхүйн чадварт суралцаж байдаг. Энэ 5 чиглэлээр хөгжсөн, өсөх сэтгэлгээтэй хүүхдүүд ирээдүйд ямар ч сургуульд эцэг эхийн албадан шаардлагаар бус өөрийн тэмүүллээр сурч, хөгжих давуу тал болдог.

 

Тэгэхээр хөл хорионы үеэр эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо өөрөөр нь халбагадуулж байна уу, өглөө болгон дасгал хийлгэж, хүүхэдтэйгээ ярилцах цаг тогтмол гаргаж байна уу гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Ингээд үзэхээр гэрийн орчинд цэцэрлэг сургуульд бий болгосон дадал амархан үгүй болдог.

Танай цэцэрлэг, хөгжлийн төв хүүхдэд багаас нь EQ чадварыг хөгжүүлэх зорилготой ажилладаг, энэ тал дээр ч олон хүүхдэд хүрсэн ном контент бүтээгээд явж байгаа гэж сонссон. Энэ талаар яривал?

-Манай байгууллагын философи нь хүн байх гэдэг төлөвшил хүмүүжлийг хүүхдэд бий болгохыг зорьдог. Дэлхий дахинд IQ сэтгэх чадварын хурд гэхээс илүүтэй технологийн хурдацтай хөгжлийн үед EQ чадварыг хамгийн чухал чадвар гэж хүлээн зөвшөөрч байна.

Технологийн хурдацтай хөгжлийн энэ үед аливааг цээжлэхээс илүүтэй хүүхдийн сэтгэлгээг задлах чадвар буюу шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлыг ул суурьтайгаар олж харж шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чадвар, нөгөөтэйгүүр EQ буюу өөрийгөө таних, сэтгэл хөдлөлөө мэдэрч, зөв илэрхийлж сурах, бусдыг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж үзэх чадвар үгүйлэгдэж байна. Бага наснаасаа хүүхдүүд технологийг илүү их ашиглаад эхлэхээр мэдрэмжүүд нь буурч байна гэсэн сүүлийн үеийн судалгаанууд бий. Бас шинж тэмдэг нь мэдэгдэхгүй эмгэгүүд, мэдрэмжгүй хүмүүс нэмэгдэж байна гэж үздэг. Тэр тусмаа EQ чадварыг бага наснаас эхлэн бий болговол хүүхэд уурлахдаа хүртэл тайвширдаг аргаа өөрийн эрхгүй дадал болгох гэхчлэн хүүхдэд өөрийгөө таньж мэдэх процессыг цэцэрлэгийн наснаас эхлэн суулгах зорилготой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус зорилгынхоо хүрээнд Q Kids цэцэрлэг дээрээ хэрэгжүүлж үр дүн сайтай ажиллаж байсан боловч зөвхөн нэг цэцэрлэгийн хүүхдийн тоогоор хязгаарлагдаж байсан тул Монголын олон мянган хүүхдийн EQ чадварыг хөгжүүлэхийн тулд “EQ KiddyZ” төслийг хэрэгжүүлж үүний хүрээнд үндсэн мэдрэмжүүдийг тайлбарласан 5 цуврал ном гаргасан маань олон хүүхдэд хүрсэн. Цаашдаа ч соён гэгээрүүлэх, бага наснаас нь эхлэн хүүхдэд EQ төлөвшил, сэтгэл хөдлөлөө удирдахад чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Бид Австралийн Educate2Empower хэвлэлийн компанийн хүүхдийн биеийн аюулгүй байдлын боловсрол, жэндерийн тэгш эрх, хүндэтгэлтэй харилцаа, нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүүхдийн ном зохиол, гарын авлагаараа дэлхийн олон сая хүүхдэд хүрсэн номнуудыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна. Тун удахгүй нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн буюу /EQ/ чадварыг хөгжүүлэх, хүүхэд нийгэмд өөрийгөө хамгаалах, илэрхийлэх, бусдыг ойлгох, бусадтай хүндэтгэлтэй харилцах чадварт бага наснаасаа суралцахад нь чиглэсэн дараагийн 5 цуврал маань бяцхан уншигчдын гарт очно.

 

Шинээр гаргаж буй номнууд маань хүүхдийн өөртөө итгэх итгэл, аливааг даван туулах сэтгэлийн хат, өөрийгөө болон бусдыг ойлгох, хайрлахын учир зэрэг нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн чадваруудыг хөгжүүлэх байгаа. Ном болгоны ард дасгал ажилтай тул хүүхэдтэйгээ ярилцахад зориулсан чиглүүлэг, зөвлөмж, хүүхэдтэйгээ ажиллах дасгал ажилтай гэдгээрээ онцлогтой. Хүүхдэдээ ном уншиж өгөх нь хангалтгүй хүүхдийнхээ мэдрэмжийг нь яриулах, гаргаж ирэх, ярилцаж байж илүү үр дүнтэй уншлага болдог.

-Хүүхэд маань ном унших дургүй, яаж хүүхдээ багаас нь номонд дурлуулах вэ гэсэн асуулт эцэг эх бүрд тулгардаг. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бид хүүхдээ хэн болгохыг хүсэж байна, өөрсдөө яг тэгж л үлгэрлэх хэрэгтэй. Бага насны хүүхдийн хувьд ухамсарт сэтгэлгээ суугаагүй учраас бидний үйлдэл бүрийг харж орчин тойрноосоо ухамсаргүйгээр суралцдаг. Тэгэхээр бид өөрсдөө ном уншихгүй бол хүүхэд уншихгүй, мөн хүүхдэдээ уншиж өгөхгүй бол хүүхдэд ном унших дадал суухгүй. Хүүхэдтэй ажиллана гэдэг тийм ч амар ажил биш. Гэсэн ч өдөр бүр тогтсон цагт сэрүүлэг тавьж байгаад ч хамаагүй 20 минутыг хүүхдэдээ зориулж ном уншиж өгөх хэрэгтэй. Хүүхэд маш дуртай номоо бариад гүйгээд л ирэх болно. Дийлэнх эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж байна гээд хүүхдүүддээ нийтэд нь цаг зарцуулчихдаг. Гурав, дөрвөн хүүхэдтэй байлаа гэж бодоход бүгдийг нь дагуулаад дэлгүүр хэсэх, кофешоп орох, гадуур хооллосноо хүүхдэдээ цаг зарцуулж байна гэж эндүүрдэг. Гэтэл нас насны онцлогоос хамаарч хүүхэд болгоны хэрэгцээ өөр байдаг. 2-7 настай хүүхдийн хувьд аав ээжтэйгээ тоглох хэрэгцээтэй байдаг. Харин 8-12 настай хүүхэд тантай тоглох бус ярилцахыг илүү хүсдэг. Тэгэхээр хүүхдүүдээ нийлүүлж байгаад хамтад нь ямар нэг зүйл хийхээс илүүтэй тоглохыг хүсээд байгаа хүүхэдтэйгээ тогло, ном уншуулахыг хүсээд байгаа хүүхдэдээ ном уншиж өг, ярилцахыг хүсээд байгаа хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй. Энэ байдлаар хүүхэд болгонтой дор хаяж 20 минутыг ямар нэгэн дуртай зүйлийг нь хамт хийх нь хүүхдүүдийнхээ хөгжил, төлөвшилд оруулж буй үнэтэй хувь нэмэр байх болно. Мэдээж хүүхэд тус бүрдээ нь зориулах цаг зав хомс байлаа ч амжуулахыг хичээж, хэвшил болгох хэрэгтэй. Ингэж байж гэр бүлийн хүмүүжил бий болно. Гэр бүлийн хүмүүжил нь хүүхдийн боловсорч, сайн хүн болж төлөвшихийн үндэс шүү дээ. Гэтэл бид цэцэрлэг, сургуульд даатгаж орхиод үл ойшоодог. Энэ нь хүүхдүүдийн маань сэтгэл зүйд сөрөг нөлөөг үзүүлж, эцэг эхийн хайр халамж дутагдах, ээж аавтайгаа ярилцаж сураагүй хүүхэд 20 жилийн дараа таныг үл тоомсорлож, утсаар ярихгүй байвал та өөрөө энэ бүхний эхлэлийг тавьсан гэж үзэх хэрэгтэй. Тиймээс ирээдүйд хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж, жаргал зовлон, унаж боссон бүхий л цаг үед хамт байж хүч өгч амьдрахыг хүсвэл одооноос эхлээд хүүхдээ сонсож, маш сайн ярилцдаг байх хэрэгтэй.

 

-Дэлхий дахинд хөл хорионы энэ нөхцөлөөс үүдэн ирээдүйд ажиллах болон сурах арга барил илүү онлайн платформд тулгуурлан явагдана гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад буй. Цахим орчинд хүүхдээ дасгахын тулд эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ?

-Одоогийн альфа үеийнхэн төрсөн цагаасаа л технологитой ойр байгаа учраас тэдний хэрэглээг нь болиулах нь боломжгүй асуудал. Харин технологийг хэрхэн хяналттай хэрэглэх вэ, хөгжилд нь эерэг нөлөөг үзүүлэх апп-уудыг олж өг, үр дүнтэй хэрэглүүлэхэд анхаарах ёстой. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь ухаалаг утас ашиглаад, youtube хэрэглээд байгааг нь манай хүүхэд технологи ашиглаж чадаж байна гэж ойлгох нь бий. Гэтэл агуулга гэдэг зүйл дээр анхаарах зүй ёсны шаардлага гарч байна. Хүүхдэд маань ямар хөгжил хэрэгтэй юм вэ гэдгийг мэдээд, хэл ярианы хөгжил хэрэгтэй бол хэл ярианд нь тулгуурласан хөтөлбөрүүдийг сонгон үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн боловсролд чиглэсэн логик сэтгэхүйг хөгжүүлэх, гадаад хэл сурах, тоо бодох зэрэг маш олон үнэгүй эх үүсвэрийг хүүхдэдээ ашиглуулах хэрэгтэй. Ийм апп-ыг хэрэглэж буй хүүхдийн технологийн хэрэглээ 40 минутаас хэтэрдэггүй. Учир нь эдгээр апп-ыг ашиглаж байх хугацаанд оюуны ачаалал үүсгэдэг учраас өөрийгөө боллоо гэдгээ хүүхэд мэддэг. Гэтэл youtube суваг хүүхдийн оюунд ямар ч ачаалал өгөхгүй учраас сэтгэл зүйг нь донтуулж, хэчнээн ч цагаар үздэг. Бид сошиал платформуудыг хэрхэн хяналттай хэрэглэх талаар анхаарч өөрсдөдөө төлөвлөгөө гаргадаг атлаа хүүхдүүдийнхээ өмнөөс технологийн хэрэглээг нь төлөвлөж өгдөггүй. Тиймээс ухамсартай сэтгэх болоогүй, цагаахан цаас шиг хүүхэд хүлээж авч байгаа зүйлдээ амархан донтдог. Youtube их үздэг хүүхэд хараалын үг хэлэх зэрэг түрэмгий зан авиртай болж байдаг. Тиймээс хүүхдийнхээ үзэж буй зүйлийн агуулга дээр эцэг эх нь хяналт тавьж, технологийн зохистой хэрэглээнд дасан зохицоход сургахгүй бол хүүхдүүд өөрсдөө дасан зохицоод сурч чадахгүй.

-Үнэтэй зөвлөгөө өгөн бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.