Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Франц улсад халдварын тоо алгуур буурч байгаа ч онц байдлын хугацаагаа дахин хоёр сараар сунгажээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр "АНУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 1.1 сая гаруй болж, тус улсад өвчний улмаас нас барсан хүний тоо 66 мянга гаруй болсон байна.

Энэ хугацаанд тус улсад лабораторийн шинжилгээгээр нийт 6.5 саяыг хийсэн гэж мэдээлжээ.

АНУ-ын халдварын голомт болоод буй Нью-Йорк мужийн хувьд, нийгмийн амьдралыг бүрэн нээх боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд ялангуяа танхимын хичээлийг энэ хичээлийн жилийг дуустал нээхгүй талаар тус мужийн захирагч мэдэгджээ.

Баасан гарагт АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас тус улсын Gilead Sciences компанийн вирусийн эсрэг үйлдэлтэй "Remdesivir" эмийг яаралтай зориулалтаар эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг олгосон байна.

Хөнгөн явцтай өвчтөнүүдийн хувьд энэ эмийг хэрэглэх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хугацааг богиносгох болон эм хэрэглэж буй хүмүүс нас баралт бага байсан зэргийг харгалзан үзэж ийнхүү яаралтай зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрчээ.

Уг эмийг судсанд тарьж хэрэглэх ба үйлдвэрлэгчийн зүгээс эхний ээлжид 1.5 сая тунг буюу ойролцоогоор 140 мянган өвчтөний эмчилгээнд өөрийн засгийн газарт хандивлаж байгаагаа мэдээлсэн байна.

Франц улсад 24 цагийн дотор нас баралт 166-аар нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо болон эрчимт эмчилгээнд орж буй хүмүүсийн тоо алгуур буурсаар байна. Гэсэн ч тус улс онц байдлын хугацаагаа дахин хоёр сараар сунгажээ.

Итали улсын хувьд өдөрт шинэ халдвар 1,900 орчим бүртгэгдэж байгаа бөгөөд нийт нас баралтын тоогоор тус улс АНУ-ын дараа бичигдэж байна.

ОХУ-д өчигдөр 10 орчим шинэ халдвар бүртгэгдсэн байна. Ингээд тус улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 124 мянгыг даваад байна.

Их Британи улсын хувьд мөн нас баралт тогтвортой нэмэгдсээр байгаа бөгөөд нийт нас баралтын тоо 28 мянга гаруй болж, Итали улсыг гүйцэх дөхжээ.

Сингапур улсад өчигдөр шинэ халдвар 437 бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн 14 хоногийн хамгийн бага үзүүлэлт юм" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/703847407023327/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.