Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Биеэс нь COVID-19-ийн эсрэг биет илэрсэн иргэн халдвар тараах эрсдэлгүй, тараагаагүй нь олон шинжилгээгээр нотлогдож байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр "Франкфурт чиглэлийн нисэх онгоцоор явах гэж байгаа хүмүүсээс бид урьдчилан сэргийлэх шинжилгээг авахад Бельги явах хүнд эсрэг биет тогтсон байсныг илрүүлсэн" тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Энэ хүн нь гуравдугаар сарын 9-нд Монгол Улсад ирсэн бөгөөд одоогоор 50 гаруй хоносон байна. 

COVID-19 халдвараар өвдөөд эмчлэгдээд эдгэрсэн хүмүүс олон бий. Хөнгөн балархай хэлбэрээр өөрөө өвчилснөө ч мэдэхгүй бас яваад байсан тохиолдол дэлхий нийтэд бий. Тухайн иргэн нь хөнгөн хэлбэрээр өвдөөд, шинж тэмдэггүй явсан байх эрсдэл өндөр байгаа.

Тиймээс тухайн хүний цусанд эсрэг биет тогтсон байна. Одоогоор ойрын хавьтал гэх 33 хүнээс шинжилгээ авсан ч бүгдээс нь коронавирус илрээгүй. Тиймээс тухайн иргэн нь оршин амьдарч байсан газраа шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвдсөн байх магадлал өндөр болж байгаа юм.

Гаднын улс орнууд эмнэл зүй, лаборатори гээд маш олон хэлбэрээр өвчнийг оношилж буй. Гэвч энэ иргэн хөнгөн балархай өвчилсөн учраас тэнд байхдаа эмнэлэгт очоогүй. Гэхдээ өвчилсөн.

Олон улсын дүрмийн дагуу өвчний халдвар авсан хүнийг өвчилсөн газар нь бүртгэдэг. Тиймээс энэ тохиолдлыг Монгол Улсаас гарсан гэж бүртгэхгүй. 

Гэхдээ бид энэ тохиолдлыг шинэ халдвар гэж үзээд цааш үргэлжлүүлэн тандалт судалгаа хийнэ.

Мөн яагаад энэ тохиолдлоос болж олон хүнийг шинжлээд байгаа вэ гэвэл, гуравдугаар сарын 9-нөөс хойш түүнтэй хамт амьдарч байсан хүмүүс нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх эрсдэл байгаа эсэх болоод цусанд нь эсрэг биет тогтсон эсэхийг давхар хянахаар шинжилсэн юм.

Энэ хүн халдвар тараах эрсдэлгүй, тараагаагүй гэдэг нь олон шинжилгээгээр нотлогдож байна" гэв.

Үргэлжлүүлэн "COVID-19 халдвар манай улсад орж ирэх магадлал маш өндөр. Тийм ч учраас хэзээ нэгэн цагт халдвар ороод ирэхэд иргэд цочирдохгүй хүлээж аваасай гэж бид өдөр бүр сануулга зөвлөмж өгч байна. Тиймээс бүгд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой.

"Эхний онгоцоор ирсэн 281 хүнээс АНУ-Сөүлээр дамжиж ирсэн нэг батлагдсан тохиолдол бүртгэгдсэн"

Бид нийт гурван онгоцоор 800 гаруй хүнээ хүлээж авлаа. Эхний онгоцоор ирсэн 281 хүнээс АНУ-Сөүлээр дамжиж ирсэн нэг батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бусдаас нь коронавирус одоогоор илрээгүй.

Мөн өнөөдөр буусан онгоцонд 34, хоёр дахь онгоцоор ирсэн 10 хүнийг одоогоор сэжигтэй гэж үзээд байна.

Гэхдээ тухайн иргэдэд ямар нэг шинж тэмдэг онгоцноос буухад нь илрээгүй бөгөөд өмнө нь толгой, эргэж дотор нь муухайрч байсан эсэхэд судалгаа хийсэн учраас сэжигтэй гэж үзсэн.

Тухайн хүмүүсийн тандалт шинжилгээ нь ээлж дараатай хийгдэх бөгөөд бид тухай бүр нь танилцуулна" гэдгийг хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/703847407023327/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.