Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд хүүдээ амийг нь аварсан эмч нарын нэрийг өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон шинээр мэндэлсэн хүүдээ өөрийнх нь амийг аварсан хоёр эмчийн нэрийг өгсөн байна.

Жонсон гуравдугаар сарын сүүлээр коронавирусийн халдвар авсныхаа дараа хүндээр өвчилж, эрчимт эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрсэн юм. 

Тэр Даваа гарагт ажилдаа эргэж орсон. Үүнээс хоёр хоногийн дараа түүний сүйт бүсгүй Кэрри Саймондс хүү төрүүлжээ.

Саймондс шинэ мэндэлсэн хүүдээ Уилфред Лори Николас хэмээх нэрийг өгснөө Бямба гарагт Инстаграм хуудсандаа зарласан байна.

Уилфред нь Жонсоны өвөг эцгийн нэр бол Лори нь Саймондсын өвөг эцгийн нэр ажээ.

Харин Николас нь Борис Жонсоны амийг аварсан Ник Прайс, Ник Харт хэмээх хоёр эмчийн нэрийг бэлгэдсэн нэр юм байна.

Лондон хотын Сэнт Томас эмнэлгээс гарсныхаа дараа 55 настай Борис Жонсон амийг нь аварсан эмч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байв.

Түүний сүйт бүсгүй 32 настай Саймондс мөн коронавирусийн халдвар авсан ч хөнгөн өвчлөөд эдгэрсэн юм.

Өмнө нь хоёр удаа гэр бүлээ салгаж байсан Борис Жонсоны хувийн амьдрал нэлээд ээдрээтэй. Тэр нэг удаа гэр бүлээс гадуур харилцаагаа нуусны төлөө эрх баригч Консерватив намын бодлогын зөвлөлөөс хөөгдөж байсан удаатай.

Жонсон нийт хэдэн хүүхдийн эцэг болсон талаараа ярихаас татгалздаг. Өмнөх эхнэр Марина Уилер нь түүнд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн юм. Тэд 2018 оны есдүгээр сард салах болсноо зарлаж байв. Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймондс өмнө нь Консерватив намын олон нийттэй харилцах албаны захирлын албыг хашиж байсан эмэгтэй юм.

Британийн ерөнхий сайдын албыг хашиж байх хугацаандаа хүүхэдтэй болсон улс төрчид цөөхөн байдаг. Өмнөх ерөнхий сайд Дэвид Камероны эхнэр 2010 онд охин төрүүлж байсан бол түүний өмнөх ерөнхий сайд Тони Блэйрийн эхнэр 2006 онд хүү төрүүлж байжээ.

Энэ хоёр тохиолдлоос өмнө 19 дүгээр зууны ерөнхий сайд Жон Рассел 1848 болон 1849 онуудад хоёр хүүхэдтэй болсон нь цорын ганц тохиолдол юм байна.

 

Эх сурвалж: Reuters