Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвар тараах өндөр эрсдэлтэй байж болзошгүй тул шаардлагагүй үед эмнэлэг рүү явахгүй байхыг анхааруулав

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр эмнэлгүүд хэрхэн бэлэн байдлыг хангаж байгаа талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболд танилцууллаа.

Тус эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд эмнэлгийнхээ урсгалыг дахин зохион байгуулж, үйлчлүүлэгчдийг нэг урсгалаар нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн гурван орц, гарцынхаа хоёрыг нь хааж, эргэлтийн цагийг 17.00 цагаар хязгаарлажээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 280 ор дэлгэж ажиллах бэлтгэлийг хангаад, шаардлагатай эм тариа, хувийн хамгаалах хэрэгслийг бэлдэж, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган ЭМЯ-нд өгчээ. Эрчимд эмчилгээнд 50, хүндэвтэр болон хөнгөн иргэдийг авах 30 ор бэлэн байгаа аж.

Хэрэв халдвар гарсан тохиолдолд эмнэлгийг 6-12 цагт бүрэн чөлөөлөхөд бэлэн байгааг тэрбээр хэллээ.

Эмч, сувилагч, ариутгагч гэсэн баг 24 цагаа ажиллуулж байгаа бөгөөд ажлын бус цаг болон ажлын өдөр сэжигтэй тохиолдол илэрвэл шууд  ажиллах бэлэн байдлын ийн хангасан байна.

Эмнэлгийн хэмжээнд жирэмсэн эхчүүддээ цалинтай чөлөө өгч, дархлаа дэмжих аяныг зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

Ажилчдынхаа бэлэн байдлыг хангах сургалтад давхардсан тоогоор 1,600 ажилтныг хамруулжээ.

Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна хэмээн С.Энхболд хэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн эрүүл мэндийн байгууллагаар явахгүй байхыг санууллаа. Учир нь Их Британийн эрдэмтэд эмнэлгийн гадаад, дотоод орчинд COVID-19 илрүүлэх судалгаа шинжилгээ хийхэд эмнэлэгт өвчтөнүүдийг хэвтүүлдэг өрөө болон эмнэлгийн бие засах газраас вирус илэрсэн тул эмнэлэг халдвар тараах орчин байж болзошгүй гэсэн үр дүн гарчээ. Тиймээс эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх гэж байгаа хүнийг олноороо дагаж явдаг байдлыг зогсоох хэрэгтэйг анхааруулаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.