Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д коронавирусийн халдварын тархалт хурдтайгаар нэмэгдсээр байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ОХУ

ОХУ болон Бразил улсад сүүлийн өдрүүдэд халдварын тархалт хурдтайгаар нэмэгдсээр байна. Тухайлбал, ОХУ-д өчигдөр шинэ халдварын 7,933 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 114,431, нас баралт 1,169 болсон байна. Халдвар анх бүртгэгдсэнээс хойш эдгэрсэн тохиолдлын тоо 13,220 болсон гэж тус улсын Гамшгийн штабаас мэдээлжээ.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо 7,000 гаруйгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 92,000, нийт нас баралт 6,400  болжээ.

Сингапур

ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсэд буюу манай бүсэд Сингапурт халдварын тоо өчигдөр огцом өссөн байна. Шинэ тохиолдол 932 бүртгэгджээ. Эдгээрийн 5 нь тус улсын иргэн. Үлдсэн нь гадаадаас ирсэн цагаач ажилчид байна.

Япон

Япон улсад халдварын шинэ тохиолдол 187, нас баралт 17 бүртгэгджээ. Үндэсний хэмжээний халдварын тоо 15,000-д хүрч байна. Нийт нас баралтын тоо 458 болсон байна. Халдвар буурч, хяналтад бүрэн ороогүй байгаа тул Үндэсний хэмжээнд тогтоосон онц байдлыг ирэх долоо хоногоос сунгаж магадгүйг Абэ мэдэгджээ.

Герман

ХБНГУ-д шинэ халдварын тоо нэмэгджээ. Өчигдөр тус улсад 1,639 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 160,758 болсон байна. Мөн өнгөрсөн нэг хоногийн хугацаанд нас баралт 193-аар нэмэгдэж, 6,481 болсон байна. Өчигдөр Германы эрдэм шинжилгээ, судалгааны нэр хүнд бүхий дөрвөн нийгэмлэг хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд шинэ коронавирустэй тэмцэх цорын ганц арга зам шинэ халдварын тохиолдлуудыг бууруулах стратеги юм гэжээ. Батлагдсан тохиолдлын хавьтлыг илрүүлэх замаар шинэ тохиолдлыг илрүүлэх нь хамгийн үр дүнтэй арга ба сөргийн дархлаа тогтоох стратеги нь цаг хугацаа их шаардахын зэрэгцээ үр дүнгүй гэж мэдэгдсэн байна.

Солонгос

БНСУ-д өчигдөр коронавирусийн халдварын 6 шинэ тохиолдол, нас баралт 2 бүртгэгджээ. Өмнө нь мэдээлж байсанчлан тус улсад халдвар авсан 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд халдвар дахин илэрсэн талаар мэдээлж байсан. Эдгээр хүмүүст нарийвчилсан шинжилгээ хийсний үр дүнд дээрх хүмүүс нь халдвар аваад эдгэрсэн бөгөөд дахин халдварыг цааш тараах боломжгүй гэж мэдэгджээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236078447713756/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.