Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилд коронавирусийн тархалт эрчимжиж, халдварын тоогоор Хятад улсыг гүйцлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн хамгийн том улс Бразилд сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна.

Асар том газар нутаг, 211 сая хүн амтай энэ улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 87,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 6,000 гаруй хүн нас баржээ.

Энэ үзүүлэлтээрээ Бразил улс коронавирусийн анхны голомт Хятад улсыг гүйцэж, халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй 10 орны нэгэнд багтлаа.

Эсрэгээрээ Хятад улс эхний 10 орны жагсаалтаас хасагдаж байна.

Хэдийгээр тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа ч Бразил улсын эрх баригчид хилээ хаахгүй, хорио цээрийн дэглэм тогтоохгүй байгаа нь хөрш улсуудад аюул учруулж байгаа юм.

Бразил нь Өмнөд Америк тивийн бараг бүх улстай хиллэдэг. Халдварын батлагдсан тоо нь хөрш орнуудын тооноос хол илүү байна.

Коронавирусийн халдварыг “хамрын ханиад” төдий зүйл гэж үздэг Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авахаас татгалзсаар байгаа.

Саяхан тус улсад Covid-19 өвчнөөр амиа алдсан хүний тоо Хятад улсын тооноос илүү гарсны дараа сэтгүүлч нар түүнээс ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгааг нь асуухад Болсонару “Тэгээд юу гэж? Та нар надаас юу хүсээ вэ?” гэж асуултыг асуултаар хариулсан юм.

Коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй АНУ-ын албаныхан ч Бразилын нөхцөл байдалд хүндэрсэнд санаа зовж байна.

Тухайлбал хамгийн олон Бразил гаралтай иргэдтэй Флорида мужийн захирагч Бразилаас агаарын тээврээр олон тооны халдвар тээгч ирэх аюултай байгааг Мягмар гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа мэдэгджээ.

Өмнөд Америкийн улс орнууд ч зөөвөрлөгдөж ирэх халдварын тохиолдлоос болгоомжилж, Бразилтай залгаа хил дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байна.

Сүүлийн байдлаар коронавирусийн хамгийн олон халдвартай 10 орны жагсаалт, тоо баримтууд:

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

1,069,424

62,996

6%

2

Испани

213,435

24,543

11%

3

Итали

205,463

27,967

14%

4

Их Британи

172,481

26,842

16%

5

Франц

167,299

24,410

15%

6

Герман

163,009

6,623

4%

7

Турк

120,204

3,174

3%

8

Орос

106,498

1,073

1%

9

Иран

94,640

6,028

6%

10

Бразил

87,187

6,006

7%

Эх сурвалж: NBC News, Reuters