Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн хувьцаа хэт өндөр үнэлгээтэй байгааг Илон Маск мэдэгдсэний дараа ханш нь огцом уналаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан, бизнесмэн Илон Маск өчигдөр твиттер хуудсандаа гэнэтийн сонин мэдэгдлүүдийг хийсний дараа Тесла компанийн хувьцааны ханш огцом унажээ.

Тэрээр материаллаг ертөнцөөс хамааралтай амьдралынхаа талаар эргэцүүлэн бодож, энэхүү хамаарлаас салах талаар төлөвлөж байгаагаа бичсэн юм. Маск эхний ээлжинд бүх биет хөрөнгөө зарж үрэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэр бас Тесла компанийнх нь хувьцааны ханш хэт өндөр байгааг бичсэний дараа Баасан гарагийн арилжааны үеэр ханш нь 9.3 орчим хувиар унасан байна.

Маск цаашдаа ямар ч үл хөдлөх хөрөнгө эзэмшихгүй гэдгээ энэ үеэр мэдэгдэж, энэ санаа нь түүний найз бүсгүй Граймзыг уурлуулсан тухай бичжээ.

Илон Маск нийт $100 гаруй саяын үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн мэдээлэл бий.

Түүний найз бүсгүй, хөгжмийн продюсер Граймз хөл хүнд, удахгүй төрөх гэж байгаа юм.

Маск үе үе твиттер сүлжээгээр дуулиант мэдэгдэл хийдгээрээ алдартай. Тэрээр 2018 онд Теслагийн хувьцааг нэг бүрийг нь $420-oор худалдан аваад хаалттай компани болгох тухай твиттертээ мэдэгдэж байв. Үүний дараа АНУ-ын Үнэт Цаасны Арилжааны Хороо түүнийг хууль зөрчсөн гэж үзээд $20 саяын торгууль оноож байжээ. Энэ долоо хоногийн эхээр Тесла компани 2020 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа хөрөнгө оруулагчдад тайлагнасан юм. Энэ үеэр Илон Маск АНУ даяар тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийг “фашист арга барилтай үйлдэл” гэж нэрлэсэн нь бас дуулиан тарьсан байна.

Калифорни мужид тогтоосон хөл хорионы улмаас Теслагийн Фремонт дахь үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider