Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож байна.
ШУУД ҮЗЭХ:
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлш олон улсын стандартыг хангасан түлш. Евро стандартад хүхэрлэг хүчлийн хэмжээ нэг хувиас бага гэдэг. Манай үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний хүхэрлэг хүчлийн хэмжээ 0.8. Тэгэхээр олон улсын стандартын түвшинд байгаа.
Ер нь хүхэрлэг хүчлийн хэмжээг сайжруулах, технологийн ажлуудыг хийж байгаа. Налайх орчимд баригдах шинэ үйлдвэрийг шинэ технологиор хийж байгаа. Бидэнд эхэн үедээ туршлага дутсан зүйл байж магадгүй. Улам сайжруулсан үйлдвэрийг энэ намар ашиглалтад оруулна.
Ер нь угаартаж эндэх тохиолдол нийслэлийн хэмжээнд гарч байсан. Жилийн дундажаар авч үзвэл 10 гаруй хүн эндэж байсан статистик бий. Түүнээс биш сайжруулсан түлш нэвтрүүлээд хүмүүс олноороо эндсэн зүйл байхгүй. Үүнийг гуйвуулах гэж оролдох явдал байдаг.
Угаартаж байгаа нь зуухнаас их болдог. Тэр дундаа ханын пийшинтэй айлд их тохиолдож байгаа. Олон жилийн дунджаас харахад угаартах явдал 5, 10 дугаар саруудад их гардаг. Тиймээс энэ тавдугаар сард ч иргэддээ сэрэмжлүүлэг өгч байгаа.
Дулааны улиралд шаталтын процесст өөрчлөлт гарч байгаа учраас угаартах явдал гарч болзошгүй. Гэхдээ энэ тавдугаар их дулаан байх учраас гал түлэх нь багасах байх гэж бодож байна.
Сайжруулсан түлшний зуух өөр байх ёстой. Үүнийг шийдэх ёстой.
Бид агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн гурван арга хэмжээ авсан. Шахмал түлшний үйлдвэр, 42 мянган айл өрхийг 4К/Вт-ын хэрэглээ, ашиглах хүчин чадлыг нэмэгдүүлж өгсөн. Дээр нь шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлсэн. Ийм гурван арга хэмжээ авснаар өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг бууруулахад тодорхой үр дүн гарсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өргөдлийн байнгын хороо 2017 онд Нэгдүгээр тогтоолоороо түүхий нүүрсийг хориглох тухай асуудлыг хөндөж байсан. Мөн 2018 онд сүүлийн 15 жилийн хугацаанд утаанд зарцуулсан хөрөнгө мөнгөнд гүйцэтгэлийн аудит хийлгэж 700-аад тэрбум төгрөг зарцуулсны нэлээд хэсэг нь сургалт, сурталчилгаа нэрээр алга болсныг гаргаж ирсэн. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа.
Үүнээс харахад улсын хэмжээний том ажлын нэг бодлого, нэг цонхоор явуулахад амжилтад хүрч байгаа нь харагдаж байна. Дөрвөн жилийн хугацаанд “Шинэ хороо” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 500 орчим айлыг яндан, нүхэн жорлонгоос салгаж чадсан. Нийслэлээс сонгогдсон гишүүд нэгдэж төсөв тусгуулаад, хяналт сайн тавьж чадвал 3-4 жилийн дотор иргэдийн хашаандаа сайхан амьдрах боломжоор хангаж чадна гэдэг нь харагдаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Азийн хөгжлийн банктай хамтраад ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжүүлсэн. Уламжлалт ариун цэврийн байгууламжаас лагийг нь соруулаад шатаах герман технологийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн жилээс санхүүжүүлээд энэ оны нэгдүгээр улиралд германы компани хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч цар тахлаас болоод ирж чадахгүй хойшлоод байгаа.
Энэ бол загвар байдлаар 15 мянган айлын нүхэн жорлонгийн лагийг соруулж, шатаагаад, дулаан ялгаруулан эрчим хүч нийлүүлэх дараагийн үе шаттай технологи явж байгаа.