Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн 72 настай иргэн Атлантын далайг ганцаар сэлүүрдэж туулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын сүүлээр Европ тивээс ганцаар сэлүүрт завьтай гарсан 72 настай Британийн иргэн Лхагва гарагт Карибын тэнгисийн Антигуа аралд ирснээр дэлхийн гурван дээд амжилтыг тогтоожээ.

Грэм Уолтерс нэгдүгээр сарын 25-нд Испанийн Гран Канариа арлаас гараад 96 хоногийн хугацаанд Атлантын далайг гаталж дуусгасан юм.

Тэрээр Атлантын далайг ганцаар туулсан хамгийн өндөр настан, дэлхийн ямар ч далайг туулсан хамгийн өндөр настан, нэг далайг хэд хэдэн удаа сэлүүрдэж туулсан хамгийн өндөр настан гэсэн гурван дээд амжилтыг Гиннесийн номонд бүртгүүлж байгаа гэнэ.

Өмнөх дээд амжилтыг 2015 онд Атлантын далайг 66 настайдаа сэлүүрт завиар туулсан Францын иргэн Жерар Мари эзэмшиж байжээ.

Уолтерс эрэг дээр буусныхаа дараа коронавирусийн цар тахлын тухай анх удаа сонсож, хүмүүс маш их өөрчлөгдсөнийг хараад их гайхсан байна.

 

Тэрээр аялалын турш эхнэртэйгээ холбоо барихдаа цар тахал олон мянган хүний аминд хүрч, олон сая хүнийг ажилгүй болгож буй тухай сонсож байжээ.

“Миний амьдралд хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй. Ямар ертөнцөд эргэн ирж байгаагаа төсөөлөхөд хэцүү байна” гэж Уолтерс ярьсан байна.

Ахмад далайчин Антигуад газардсаныхаа дараа тэндэхийн журмыг дагаж, амны хаалт зүүх болжээ.

“Намайг ирэхэд хэн ч гар бариагүй, тэврээгүй. Гэхдээ энэ асуудал биш. Британид очиход байдал өөр болно гэж найдаж байна” гэж Уолтерс ярьсан юм.

Тэрээр нийтдээ таван удаа Атлантын далайг гатлаад байгаа бөгөөд ингэхдээ гуравт нь ганцаар, хоёрт нь хоёул туулж байжээ.

Уолтерс далайг туулсан завиа 22 жилийн өмнө хашаандаа өөрийн гараар бүтээж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцож явсан өвөг эцэг Жорж Гиригийн нэрийг өгсөн юм байна.

 

Эх сурвалж: CNN