Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ. 

Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм. 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн тоо андуураагүй гэдгээ өнөөдөр баталлаа. Тэрбээр "400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга манайд ирж бид уулзсан. Тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрний түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй байгаа. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй” гэж хэлж байсан. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна" гээд

"Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд адаглаад Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай" хэмээн УИХ-ын чуулганы танхимаас хэллээ. 

Видео:

ӨМӨЗО-ны Баруун хэсэгт орших Ордос хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж байна. 2017 онд 1.82 сая жуулчин ирсэн нь 2016 оныхоос 47% өссөн үзүүлэлт аж. Тэгвэл 2018 онд 2.8 сая зочин ирж, 55% өсжээ.

2019 онд жуулчдын тоо 100% өссөн ч Ордосыг зорих жуулчдын тоо 10 саяд ч хүрээгүй байгааг эдгээр статистик харуулж байна.  

Харин Хэнтий аймгийн тухайд Дадал сум л гэхэд 2025 онд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэсэн тооцоотой байгааг Хэнтий аймгийн албан ёсны цахим хуудаст дурджээ.

factcheck.mn