Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Наранбаатар: Ногдол ашиг олгох болсон нь түүхэн үйл явдал болж байна

ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс ногдол ашгаа өөрсдийн хувьцааны нэрийн дансаар дамжуулан авч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Иргэд ногдол ашгаа авч эхлэх гэж байна. Тэгэхээр жилийн өмнөөс эхэлсэн та бүхний хөдөлгөөн бодитой үр дүнд хүрлээ гэж ойлгож болох нь. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Иргэд өнөөдрөөс ногдол ашгаа бэлэн мөнгөөр авч эхэлж байна. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс үүнд баяртай байна. Монголын ард түмэн анх удаа байгалийн баялгийнхаа өгөөжийг ногдол ашгаар хүртэж байгаа нь түүхэн үйл явдал. Энэ шийдвэрийг гаргасан "Эрдэнэс Тавантолгой" компани, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныханд хувьцаа эзэмшигчийн хувиар баярлалаа гэж хэлье.

Иргэд маань ч үүнд баяртай байна. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн брокерын дансаар нь дамжуулж өгч байгаа нь манай холбооны зорьж, тэмцэж байсан бас нэг зүйл юм. Энэ нь цаанаа иргэд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болох, жинхэнэ баялгийн эзэд, компанийн эзэд гэдгээ үүгээр мэдрэх, Компанийн тухай хуульд заасан ногдол ашгаа хүртэх энэ эрхээ эдэлж байгаа хэрэг.          

Цаашдаа жил болгон ногдол ашгийг өгүүлэхийн төлөө холбоо ажиллана. Хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Манай холбооны зүгээс 2019 оны "Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөн дээр нэлээд сайн анализ хийж, шүүмж өгч байсан. Үүний хүчинд 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 400 тэрбум төгрөгийг хасуулж чадаж байсан.   400 тэрбум төгрөгийг 2.5 сая хувьцаа эзэмшигчид хуваах юм бол нэг хувьцаа эзэмшигч иргэнд 160 орчим мянган төгрөг ногдохуйц хэмжээний зардлын хэмнэлт гарч байсан.   

Энэ мэтчилэн холбоо 2019 онд нэлээн үр дүнтэй ажиллалаа. Манай хувьцаа эзэмшигч иргэд бас биднийг ойлгож, дэмжлээ. Холбооны хийж хэрэгжүүлж байсан ажилд хувьцаа эзэмшигч 300 гаруй иргэн 1000, 2000 гэлтгүй төгрөгийн хандив өгч байсан. 1072 хувьцаа фэйсбүүк группийн 350 мянган иргэд холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамт байсан. Тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн төлөө ажилласан. Үр дүнд ч хүрлээ. Тэдгээр хувьцаа эзэмшигчдэдээ баярлаж талархсанаа үүгээр илэрхийлье.

-Зарим хүмүүс та бүхнийг улстөржлөө, хувийн ашиг сонирхлын үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компани руу дайрлаа,  давшлаа, хийсэн ажлыг нь үгүйсгэлээ гэж хүртэл хэлж, бичиж байсан...

-Бидний үндсэн зорилго компанийг ил тод, нээлттэй,  үйл ажиллагаа нь шилэн байлгах, улмаар иргэд хувьцааныхаа үр ашгийг бодитоор хүртээсэй гэж зорьсон. Олон удаа шаардлага тавьж, асуудалд мэргэжлийн тооцоо судалгаатай хандаж, иргэдийн хүсэлт, гарын үсгийг цахимаар цуглуулж, заримд үед жагсах, тэмцэхэд хүртэл хүрсэн. Засгийн газар бидний хүсэлтийг ойлгож хүлээж аваад УИХ-ын гишүүд, Засгийн газрын түвшинд асуудлыг шийдэж байгаад баяртай байна.

Холбооны залуучууд буруу зүйлийн төлөө тэмцэнэ. Зөв зүйлийг дэмжээд явна. Тэгэхээр Засгийн газар болон "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргасан анхны ногдол ашиг гэдгээрээ түүхэн үйл явдал болж байгаа юм.  Яахав зарим иргэн ногдол ашгаа бага байна гэх шүүмжлэл бол гарна. Гэхдээ чамлахаар чанга атга гэж, ямар ч байсан эхний үр дүн гарч байна. 

Цаашдаа холбооны зүгээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн төсөвт хөндлөнгийн хяналт тавих, зардлыг бууруулах чиглэл рүү шүүмжээ бодитой өгөөд явна. 

-“Эрдэнэс Тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан, “өөрийгөө шатаадаг” гэдгээр нь хүмүүс илүү мэдэх болсон Эрдэнэ гэж хүн таныг ногдол ашгийн төлөө тэмцэж байх үед компаниас мөнгө авах гэж шантаажилж байна гэх зэргээр хэлж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-С.Эрдэнэ гэж З.Энхболдын найз энэ хүн ногдол ашиг өгүүлэх жагсаалыг эсэргүүцэж,  намайг “Эрдэнэс Тавантолгой” компанийг шантаажилж, 20 мянган ам.доллар авсан гэж гүтгэсэн. Үнэнд гүйцэгдэнэ гэгчээр шүүхийн шийдвэр гарч, С.Эрдэнэ гүтгэлэг тараасан хэлбэрээрээ хэвлэлийн хурал зарлаж, надаас уучлалт гуйхаар болсон. Хувьцаа эзэмшигчдийн эв нэгдэл, зорилго, тэмцлийг ингэж няцаах оролдлого энэ мэтчилэн зөндөө гарч байсан.  

-Тэгэхээр ногдол ашгийг өсгөх чиглэлээр ажиллаад явна гэж ойлгож болох уу. Одоо 96 мянган төгрөг авч байгаа бол дараа жил тэрнээс илүүг авах магадлал байх нь, тийм үү?

-COVID-19 цар тахлын нөхцөл байдал нүүрсний салбарт хүнд цохилт авчирч байгаа. Тэгэхээр мэдээж “Эрдэнэс Тавантолгой” гэлтгүй нүүрсний бүх компани нэлээд хүндрэлтэй нүүр тулж эхэллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурах нь тодорхой болж байна. Тиймээс ирэх жилийн тухайд хүнд байх болов уу гэж харж байна. Гэхдээ холбоо “Эрдэнэс Тавантолгой”-н зардлыг бууруулах, нүүрсний үнийг өсгөх чиглэлд хөндлөнгийн хяналтаа тавих замаар ногдол ашгийг илүү олгуулах, гарц боломжийг нь үргэлж хайсаар байх болно оо.

-Найман жилийн турш хүлээсний эцэст өнөөдөр ногдол ашиг авна гэдэг нь их, багадаа биш, үүнийг авч болдог юм байна шүү, үр дүнд хүрч чаддаг юм байна гэдгийг иргэд олоод харчихлаа. Тэгэхээр бусад компаниудад шинэ жишиг боллоо. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахлын хөл хорионы нөлөөгөөр хүмүүс бэлэн мөнгөгүй болчихсон, эдийн засаг унаж байгаа энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь эргээд иргэдийн худалдан авалтаар дамжаад эдийн засагт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт богино хугацаанд ч гэсэн тодорхой хэмжээний бодитой нөлөө үзүүлэх байх гэж бодож байна.

-Хүмүүс бэлэн мөнгө тараахаар инфляц, долларын ханш өснө гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр ногдол ашиг авах, бэлэн мөнгө тараах хоёр тусдаа ойлголт гэдгийг хүмүүс тайлбарлах хэрэгтэй болов уу?

-Бэлэн мөнгөөр ногдол ашиг тараахыг зарим иргэн, зарим нэг улстөрчид эсэргүүцээд байдаг байсан. Ялангуяа, сөрөг хүчин буюу АН-ын зүгээс УИХ-ын нэр бүхий гишүүд бэлэн мөнгөөр тараах нь буруу гэж ярьж байсан. Үнэн хэрэгтээ энэ бол экспортын орлого буюу ам.доллараар баталгаажсан ашгаа л хуваарилж байгаа юм. Монголбанкнаас бэлэн мөнгө хэвлээд нийлүүлэх юм бол тэр бол ханшийг өсгөнө. Гэтэл энэ төгрөг маань өөрөө ам.доллараар баталгаажсан ашиг байсан учраас валютын ханшид нөлөөлөхгүй гэж харж байгаа. Хоёрдугаарт, цар тахлын энэ үед иргэдийн орлого хумигдчихсан, байрны зээл, түрээсээ төлж чадахгүй, тэтгэврийнхэн ямар хүнд байдалд байгаа билээ. Ийм хүнд үед иргэдэд ногдол ашиг олгож байгаа нь иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн, цаг үеэ олсон, Засгийн газар зөв шийдвэр гэж харж байна.

-Сая Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл гаргаад 1072 хувьцаа авна, зарна гэх мэт мэдээлэл явсан нь худал мэдээлэл гэж сэрэмжлүүлж байсан. Иргэдэд энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Энэ бол худал мэдээлэл шүү. 1072 хувьцааг 5 сая, 10 сая төгрөгөөр авна гэдэг ч юм уу. Ийм зарууд яваад байгаа нь цаанаа ямар зорилго агуулж байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан хувьцаа бол арилжаалах ямар ч боломжгүй.  Манай холбооны зүгээс ойрын хугацаанд хийх нэг ажил бол 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлүүлэх, өмчлүүлэх эрхийг нь нээхийн төлөө ажиллана. Ингэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын бирж дээр нээлттэй хувьцаат компани  болох ёстой. Гэхдээ цар тахлын үед, хөрөнгийн биржүүд дээр хувьцааны индекс гадаад, дотоодгүй унаж байгаа одоогийн энэ нөхцөл байдалтай уялдуулаад харахад тохиромжтой цаг хугацаа нь биш юм уу гэж хараад байгаа.  Ирэх жилээс цар тахлын хүндрэл арилаад, нүүрсний зах зээл сэргэх үед нээлттэй компани болбол хүмүүсийн хувьцааны үнэ илүү өсөх боломжтой. 

-Ерөнхийдөө иргэд дансаа нээлгэж байна. Зарим нь хувьцааныхаа дансаа баталгаажуулаагүй байна гэсэн мэдээллийг “ЭТТ” өгсөн. Нөгөө талаар, орон нутагт болон гадаадад байгаа хүмүүсийн хувьд би хоцорч байгаа юм болов уу, энэ удаа хамрагдаж чадахгүй юм болов уу гэсэн асуудал байгаа юу? 

-Байхгүй. Монгол Улсын иргэн брокерын данстай бол шууд данс руу нь мөнгө нь орно. Брокерын 60 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэндээс хараад сонголтоо хийж болно. Ер нь 2.5 сая иргэний 2 сая гаруй нь дансаа нээлгэчихсэн. Энэ бол өндөр үзүүлэлт л дээ. Иргэдийн дансыг нээж, мэдээллээр хангахад “ЭТТ” мэдээллийн төв байгуулж, шуурхай ажилласан нь сайн зүйл болсон гэж харж байна.  Уурхайчдадаа, тээвэрчдэдээ баярлалаа гэж хэлье.