Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

А.Эрдэнэцогт: Шүүгч алдаа гаргавал заавал хариуцлага хүлээлгэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан байсан

ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч нарын  зүгээс шүүх эрх мэдэлтэй холбоотой хуулийн төслүүдийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байна. 

Энэ хоёр хуулийн зааг ялгааны асуудлаар Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогтоос тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн багц хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан ч хэлэлцэхийг дэмжсэнгүй. Энэ хуулийн төслийн ач холбогдлыг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэсэн гурван хуулийг нэгтгээд багц хуулийн төслийн хэлбэрээр өргөн мэдүүлсэн.

Ерөнхийдөө, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдлийн хүрээн дэх шинэчлэлийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж чадах механизмыг Ерөнхийлөгч санал болгосон.

Жишээ нь, шүүхийн захиргаа болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг олон институцээс тэнцвэртэй байдлаар бүрдүүлэхээр тусгасан. 

Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд заасан шиг Хууль зүйн байнгын хорооноос биш, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбооноос ШЕЗ-ийн гишүүнийг нэр дэвшүүлье гэдэг санал оруулсан. 

Хуульчдын холбоо бол 6,000 гишүүнтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн статустай, тусгайлсан хуультай байгууллага. Хуулийн төслөөр Ерөнхийлөгч нэр дэвшүүллээ гэж шүүмжлүүлдэг байсан эрхээ энэ байгууллагад шилжүүлж байгаа юм. 

Ерөнхийлөгчийн энэ санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгад Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс илүү ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна.

-Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс юугаараа ялгарч байгаа вэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцэхгүй, нэг эрх мэдлийн жин нөлөө хэт өндөр, шүүхийн захиргааны хариуцлагын асуудлыг орхигдуулсан зохицуулалт хийсэн байна лээ. 

Иймээс Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилж, өргөн мэдүүлсэн гэж үзэж байгаа. Засгийн газрын төсөл дээр шүүмжлэхээр маш олон зүйл байна. 

Тухайлбал, Засгийн газрын төсөлд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, мөн Хууль зүйн сайд нь ШЕЗ-ийн гишүүнийг томилно гээд орчихсон байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгч нарыг томилж, чөлөөлдөг учраас шүүх эрх мэдлийн Үндсэн хуулийн баталгаа гэж үзэж болно. Гэтэл энэ баталгааг үгүйсгээд УИХ ч биш, Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлж байгаа нь Үндсэн хуулийн хэмжээний зөрчил гэж харагдаж байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг томилох заалт байхгүй. 

Харин төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийн тэнцвэрт байдлаар бүрдүүлэх, томилгоог УИХ-аас хийх зохицуулалт оруулж өгсөн.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд шүүхийн шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ямар зохицуулалтуудыг тусгасан бэ?

-Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд иргэдийн шүүхэд итгэх итгэл сул байгаа. Энэ нь шүүгчийн алдаатай шийдвэр, ёс зүйн зөрчилд ногдуулах сахилга, хариуцлагын үйл ажиллагааны үр нөлөө муу байгаатай холбоотой.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн хууль зүйн баталгааг бүрэн хангах, ялангуяа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх чиглэлээр үр дүнтэй үйлчлэх механизмыг суулгасан. 

Тодруулбал, шүүгчийн сахилгын зөрчил гэх ойлголтыг цоо шинээр хуульчилсан. Бид бусад орны жишгийг судалж байж энэ зохицуулалтыг оруулж ирсэн.

Шүүгч бол мэргэшсэн хуульч хүн учраас алдаа гаргах эрхгүй байдаг. Тиймээс алдаа гаргасан бол заавал хариуцлага хүлээх ёстой гэдгийг хуулийн төсөлд суулгаж өгснөөрөө онцлог. 

Тухайлбал, мэргэжлийн алдаа гэдэг ойлголтыг хуульчилсан. Шүүгчийн санаатай хууль зөрчих, албан үүрэгтээ илт хайнга хандах, мөн шүүгчийн ёс зүйн зөрчлийг нийлүүлээд шүүгчийн сахилгын зөрчил гэж авч үзэж байгаа юм. 

Ёс зүйн зөрчлөөс илүү өргөн хүрээг хамарснаараа шүүгчид хүлээлгэх хариуцлага ойлгомжтой, тодорхой, маргаангүй болж байна гэсэн үг. 

Өмнө нь ёс зүйн зөрчлийн хүрээнд авч үзээд явдаг байхад маргааны 95 хувь нь хэрэгсэхгүй болсон жишээ байдаг. Яагаад гэвэл ёс зүйн зөрчлийг тогтооход хэцүү, дээрээс нь хууль зөрчсөн үйлдэл нь ёс зүйн зөрчилд хамаардаггүй байсан учраас шүүгчийн хариуцлага сулрах боломж олгож байсан болов уу.

Нөгөө талаасаа шүүгчид хариуцлага тооцно гээд хараат бус байдалд нь халдах хуулийн зохицуулалт байх ёсгүй. Тиймээс тэр хоёрын дунд тэнцвэрийг нь олох асуудалд хуулийн төслийг боловсруулахдаа илүү анхаарч ажилласан.

Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээхэд Шүүхийн сахилгын хороо тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой. Дээрх бүтцийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Шүүхийн сахилгын хороо нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх гол механизм байх ёстой учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгайлан зохицуулсан.

Тэгвэл энэ зохицуулалтын үзэл санааг алдагдуулахгүйгээр хуульчлах зорилгыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл агуулж байгаа. 

Тухайлбал, есөн гишүүн орон тооны бус хэлбэрээр ажиллаж байсныг болиулж, шүүхээр маргаан шийдвэрлэх ажиллагааны чиг үүргийг салгасан олон улсын жишгийг суулгаж өгсөн.

Түүнчлэн Сахилгын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, гишүүдийн чиг үүргийг дотор нь хуваасан. Тухайлбал анхан шатны шүүх дээр хэрэг шийдсэн шүүгч давж заалдах шатанд орохгүй байх жишээтэй. 

Чиг үүргийг нь ингэж хуваахаар шүүгчийн шийдвэр шударга гарах, шүүгчийг хохироохгүй байх, алдаа гаргасан, хууль зөрчсөн шүүгчид хүлээлгэх хариуцлага нь гарцаагүй байх механизм бүрэлдэнэ гэж ойлгож болох юм.

 

Эх сурвалж: assa.mn