Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тахал дэгдсэн цагаас хойш Өмнөд Солонгост анх удаа нэг өдөрт ганц ч халдвар илэрсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ганц ч халдварын тохиолдол илрээгүй тухай Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

Энэ нь тус улсад коронавирусийн тахал дэгдсэн хоёрдугаар сараас хойшх анхны тохиолдол юм.

Харин гадаад орноос зөөвөрлөгдөж ирсэн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоог 10,765 болгожээ.

Өчигдөр Covid-19 өвчнөөр нэг хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 247 хүрсэн байна. Халдвар авсны дараа эдгэрсэн хүний тоо 9,059 хүрчээ.

Өмнөд Солонгост нийт 1,065 халдварын тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж ирсний 90 гаруй хувь нь солонгосчууд байна.

Мөн саяхан болж өнгөрсөн парламентын сонгуулиар сонгогчдын дунд халдвар дамжсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй тухай тус улсын халдварт өвчин судлалын төв өнөөдөр мэдээлжээ.

“Дөрөвдүгээр сарын 15-нд болсон парламентын сонгуулийн санал хураалтад 28 сая хүн оролцсон. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд сонгуультай холбоотой ганц ч халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй” гэж тус төвийн нийтийн эрүүл мэндийн бодлогын газрын захирал Юүн Тэ Хо мэдэгджээ.

Тэрээр сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагасан сонгогчдод талархлаа илэрхийлсэн байна.

Эдгэрсний дараа хоёр дахь удаагаа халдвартай гэж оношлогдсон хүмүүс үнэндээ дахин халдвар аваагүй, оношлогооны дүн алдаатай гарсан гэсэн дүгнэлтийг өчигдөр Өмнөд Солонгосын эмнэл зүйн экспертүүдийн зөвлөл гаргажээ.

Өөрөөр хэбэл PCR оношлуурын  техникийн хязгаарлагдмал байдал дүнг алдаатай гарахад нөлөөлсөн гэж үзсэн байна. Тус улсад эдгэрсний дараа халдвартай гэж оношлогдсон 292 тохиолдол байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters