Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн Британийн ерөнхий сайд хүүтэй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсоны найз бүсгүй Кэрри Саймондс өчигдөр Лондон хотын эмнэлэгт эрүүл саруул хүү төрүүлжээ.

Одоо 55 настай Жонсон гуравдугаар сарын сүүлээр коронавирусийн халдвар авсан нь хүндэрч, эрчимт эмчилгээ хийлгэсний эцэст бүрэн эдгэрээд удаагүй байгаа.

Тэрээр Даваа гарагт ажилдаа эргэж орсон юм. Жонсон 2018 онд салсан хоёр дахь эхнэр Марина Уилерээс төрсөн дөрвөн хүүхэдтэй хүн.

Дараа нь тэр Британийн Консерватив намын олон нийттэй харилцах албаны захирал асан Саймондстой дотно харилцаатай болсон нь 2019 оны эхнээс нийтэд ил болжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Жонсон, Саймондс нар гэрлэхээр болсноо, бас хүүхэдтэй болох гэж байгаагаа нийтэд зарласан юм.

Тэд өнгөрсөн оны сүүлээр сүй тавьсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Жонсоныг өвдсөний дараа 32 настай Саймондс өөрөөс нь мөн коронаирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлж байсан ч гэртээ хэсэг хугацаанд эмчлүүлсний дараа эдгэрсэн байна.

 

Эх сурвалж: AFP