Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Remdesivir” эмийг Covid-19 өвчний эмчилгээнд ашиглаж магадгүй боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчнийг анагаах чиглэлд олон эм туршигдаж байгаагийн нэг нь АНУ-ын Gilead Sciences компанийн бүтээгдэхүүн “Remdesivir” эм юм.

Өчигдөр тус компани вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг өвчтөнүүд дээр туршихад сайн үр дүн гарсныг зарлажээ.

Тиймээс удахгүй Вашингтоны засаг захиргаа remdesivir эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглах зөвшөөрөл өгч магадгүй боллоо.

Уг эмийг Хятадад туршсан туршилтын үр дүн тааруу гарсан тухай хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын эх сурвалжаас олж мэдээлсэн юм. Гэвч АНУ-ын мэргэжилтнүүд болон Gilead компани энэхүү туршилтыг эмчилгээний үр дүн гарахын өмнө зогсоосон тул амжилттай болоогүй гэж тайлбарлаж байгаа.

Харин энэ удаагийн туршилтыг АНУ-д холбооны засгийн газрын оролцоотой зохион байгуулжээ. Ингэхэд remdesivir эмийг хэрэглэсэн өвчтөнүүд хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад 31 хувиар илүү түргэн эдгэрсэн байна.

Remdesivir нь вирусийн үржиж олшрох механизмийг зогсоодог үйлчилгээтэй эм юм.

Туршилтын үр дүнг зарласны дараа өчигдөр Gilead Sciences компанийн хувьцааны үнэ 5.7 орчим хувиар өссөн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп туршилтын үр дүнг сонсоод баяртай байгаагаа илэрхийлжээ. Харин тус улсын халдварт өвчин судлалын топ мэргэжилтэн Энтони Фаучи туршилтын үр дүнг “чухал ач холбогдолтой” гэж сайшаасан ч эмийн үйлчлэлийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг мөн хэлсэн байна.

Хөндлөнгийн судлаачдын санал дүгнэлтийг сонссоны дараа remdesivir эмийн туршилтын үр дүнг тавдугаар сарын дундуур албан ёсоор нийтэд зарлах гэнэ.

Үүний дараа АНУ-ын засаг захиргаа Covid-19 өвчний эмчилгээнд уг эмийг ашиглах зөвшөөрлийг өгөх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters